Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт суурин газраас алслагдмал суурьшдаг айлын гэр рүү энэ сарын 7-8-нд шилжих шөнийн 01.00 цаг орчимд баавгай дайрч, улмаар 40 насны эрэгтэй хүний аминд хүрч, 55 настай эмэгтэйг хүнд гэмтээсэн ноцтой хэрэг гарсан. Амь гарсан иргэний биеийн байдал хүнд эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа талаар ГССҮТ-өөс мэдээлсэн. Харин манай сурвалжлах баг өчигдөр /2026.10.08/ тус хэргийг газар дээрээс нь тодруулга, мэдээллийг хүргэсэн бөгөөд дараах мэдээллийг иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс бэлтгэлээ.
ВИДЕО:
ВИДЕО:
Баавгай нэг хүний аминд хүрч, нэг хүнийг хүнд гэмтээсэн харамсалтай хэргээр бид 2026 оны аравдугаар сарын 8-ны намрын нэгэн бүрхэг өдрийг эхлүүлэв. Тус хэрэг Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны Бурхантын хошуунаас урагш хоёр орчим километрийн урд Улиастай голын хөвөөнд болжээ. Манай сурвалжлах баг Улаанбаатар хотын суурьшлын бүсээс очсон учир Шархадны эцсээс 25 орчим километр шороон замаар уул өөдөө явж, тус хэрэг болсон газар өглөөний 10.00 цагийн орчимд очсон юм. Биднийг очиход Онцгой байдлын алба хаагчид болон Нийслэлийн Байгаль орчны алба хаагчид цуглаж, баавгайг хайх эрлийн ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа дөнгөж базааж байлаа.
-АМИА АЛДСАН 40 НАСТАЙ ЭРЭГТЭЙ 55 НАСТАЙД ЭМЭГТЭЙД ТУСАЛЖ ӨВӨЛЖИХӨӨР ШИЙДСЭН БАЙСАН-
Баавгайн халдлагад өртөж, хүнд гэмтээд байгаа эмэгтэй өвөлжөөндөө хараахан бууж амжаагүй байсан бөгөөд намаржаандаа барьсан гэрийнх нь зүүн талаар нь Улиастайн гол урсаж, голын цаанаас эхлээд өтгөн модтой эгц, өндөр уул хөхөрч харагдах аж.
Харин гэрийн баруун хэсгээр өндөр жалгатай бөгөөд сийрэгхэн хатгасан хэдэн хашаанд эзэнтэй үгүй нь үл мэдэгдэх хэдэн саарал гэр байсан юм. Очсон даруйдаа тус хэрэг болсон газрыг гэрийн баруун талын өндөр жалгын эхээс ажиглахад, хэдэн хүмүүс ирчихсэн нурж, сүйдсэн монгол гэрийг нь толгой гудгар хурааж, цэвэрлэж байгаа газраа харан зогсохдоо, “Эртнээс арга хэмжээ авсан бол” гэж хэлэх нь даанч харамсалтай байлаа.

Гэрийн эзэн буюу хүнд бэртээд буй 55 настай эмэгтэйг н.Нараа гэдэг ажээ. Тэрбээр ганцаараа гэртээ байдаг бөгөөд хүүхдүүд нь бүгд хотод амьдардаг. Харин амиа алдаад буй 40 настай эрэгтэй тус газрын айл өрхөд тусалж, амьдарлаа залгуулдаг, энгийн нэгэн малчин залуу байжээ. Амиа алдсан эрэгтэйн хувьд энэ өвөл хүнд бэртээд буй н.Нараа гэх эмэгтэйд тусалж, өвөлжихөөр төлөвлөж байсан бөгөөд хэрэг гарахын өмнөх өдөр буюу аравдугаар сарын 7-нд хот руу орж, орой н.Нараа гуайнд ирээд байжээ.
Гэтэл шөнийн 01.00 цагийн орчим баавгайн гэрийн зүүн хойд хэсгээр ханыг задалж нэвтэрсэн байж болзошгүй бөгөөд эхлээд эмэгтэй мөр, цээж, толгойн хэсэгт гэмтэл учруулсан шинж тэмдэг илэрсэн гэх бөгөөд амиа алдсан эрэгтэй баавгайтай ноцолдож н.Нараа гэх эмэгтэйд зугтах боломж олджээ.
Хэдий дагзны арьс болон мөр орчмын арьс хуурч, нүүрэнд хүнд бэртэл авсан ч гэрийн урдуур урсах Улиастайн голыг гаталж, саахалтын айл болох Э.Баяндалайн гэрт очиж, тусламж гуйн амь аврагджээ.
-ГЭРИЙН ГАДАА ХҮН ДУУГАРААД ГАРТАЛ БҮХЭЛДЭЭ ЦУС БОЛЧИХСОН, "БААВГАЙ НАД РУУ ДАЙРСАН" ГЭЭД ЗОГСОЖ БАЙСАН-
Энэ талаар тухайн шөнө ямар нөхцөл байдалтай Нараа гэх эмэгтэй тусламж гуйн ирсэн талаар Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны малчин Э.Баяндалайгаас тодруулахад, “Унтаж байсан чинь гадаа юм пижигнээд тас тас гээд мод хугарч байгаа юм шиг чимээ дуугараад, үхэр мал мөөрөлдөж, нохой боргоод байсан. Тухайн үед адуу мал хашаанд орооцолдчихсон юм болов уу гэсэн бодол төрөөд нүцгэн шахуу, таавчикаа өмсөөд гарсан.
Харанхуй байсан учраас сайн харагдахгүй машинаа асаагаад хойшоо гараад гэрэл тусгаад харсан чинь хойд айлын гэрийг юу ч үгүй нураасан байсан.
Би үүнийг хараад энэ яг баавгай л байх гэж бодоод буцаж гэртээ харьж гэрийнхнийгээ хувцаслаад гэрээс гарах гэж байтал гадаа хүн дуугарах шиг болсон. Тэгээд гарсан чинь хойд айлын Нараа гээд эгч бөөн цус болчихсон, “Унтаж байсан чинь баавгай дайраад сүйд хийж байна, Төмөрөө гээд залуутай цуг, байсан нөгөөхийг чинь чирээд аваад явчихлаа. Би харин зугтаад хүрээд ирлээ” гээд зогсож байсан. Тухайн үед би үнэхээр шоконд орсон. Тэгээд л хурдхан шиг хүн амьтантай газар руу зугтъя гээд Баянгол ам руу айлд очсон. Тэнд очоод Нараа эгчээс цус гоожоод тогтоохгүй болохоор нь боолт хийсэн чинь дагз хэсгийн арьсыг нь юу ч үгүй хуулчихсан байсан. Цус нь огт тогтохгүй, нүүрийг нь преткаар зүсчихсэн, юу ч сийчсэн юм шиг урсан байсан. Би тэр үед цагдаа, эмнэлэг зэрэг газрууд руу дуудлага өгч, Нараа эгчийг түргэний машин аваад явсан” гэсэн юм.
Амь насаа алдсан 40 настай эрэгтэй зориг гаргаж эмэгтэйг зугтаалгаж чадсан ч нас бие гүйцсэн араатан амьтанд аргагүй хүч дутаж, амь насаа алджээ. Гэхдээ түүний хувьд өөрийн амь насыг болон бусдын амь насыг хамгаалахын тулд эцсийн мөч хүртлээ тэмцсэн нь гэрийн эд хогшил дээрх цус, гэрийг юу ч үгүй болтол сүйтгэсэн ул мөр гэрчилж байгаа мэт.

Баавгайн эрэгтэй амийг хөнөөчхөөд гэрээс чирч гарсан гэх ямар нэгэн мөр харагдаагүй юм. Нас бие гүйцсэн баавгай учир эрэгтэйн биеийг чирэлгүйгээр зуугаад гэрээс холдсон байх магадлалтай. Тус хэрэг болсон гэрийн бууриас баруун урд зүгт 50 орчим алхмын цаана буюу Улиастай голын хөөвөнд эрэгтэйн биеийг зууж яваад тавьсан болов уу гэмээр баавгайн мөр болон 20 орчим диаметртэй цусны мөр байлаа. Харин тус мөрнөөс баруун тийш газар, чулуун дээр цусны толбо харагдсан бөгөөд дахин 15 орчим алхах үед нэлээд том хэмжээтэй эрэгтэйн биеийг тухайн тавьж байгаад идсэн болов уу гэмээр мөр үлджээ. Харин эрэгтэй биеэс өмсөж байсан хувцас болон ясыг л үлдээж бусдыг нь бүгдийг нь идээд баруун урагш зугтаасан мөр голын шавартай эрэг хэсгээс олдсон байдаг.


Монголын ард иргэдийн хувьд сүүлийн хоёр сарын хугацаанд бараг л өдөр бүр тэнд ч баавгай, энд ч баавгай ороод ирлээ гэх мэдээллийг цахим орчимд тавьж байсан. Гэхдээ олон нийтийн хувьд баавгай хэтэрхий олон байна. Устгах хэрэгтэй байна гэх санал хүсэлтийг БОУАӨЯ-нд тавьж байсан ч салбарын сайд Ц.Сандаг-Очир баавгайг устгаж болохгүй гэсэн байр суурь дээр хатуу зогссон байдаг. Тэрбээр өнгөрсөн хугацаанд иргэдэд “баавгайтай таарвал утсаар ярь”, “баавгай өлссөн учраас жимс өгнө” гэх мэт бодит аюулыг бууруулах бус, хоосон зөвлөгөөгөөр аргацааж ирсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүрч, нэг хүний “Алтан” амь үрэгдэж, нэг хүний амь нас “Дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна”.
Баавгай удахгүй ичээндээ орох цаг дөхөж байна. Энэ хэдий сайн мэдээ ч өлсөж, хорхойссон баавгай ичээнд орох дөхөх тусам догширч суурин газарт үзэгдэх тоо нэмэгддэг талаар мэргэжлийн хүмүүс тайлбар, мэдээлэл өгсөн. Иймд иргэд та бүхэн үргэлж сонор сэрэмжтэй, орой үдшийн цагаар ганцаар явахгүй байх, шөнийн цагаар үхэр мал мөөрөлдөх, нохой боргох чимээ сонсогдвол өөрийн амь насыг хамгаалах арга хэмжээ авахыг зөвлөж байна. Хүний амь наснаас илүү араатан гэж үгүй билээ.
