ТОДРУУЛГА: Ховд аймгаас илрүүлсэн мөстлөгийн үеийн эртний өндөг нь анхны бүтэн олдсон олдвор болж байна

ТОДРУУЛГА: Ховд аймгаас илрүүлсэн мөстлөгийн үеийн эртний өндөг нь анхны бүтэн олдсон олдвор болж байна

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс сүүлчийн мөстлөгийн үе буюу 10-15 мянган жилийн өмнөх үед хамаарах шувууны өндөг олдсон талаар бид мэдээлсэн.

Тэгвэл тус өндгийг анх энэ оны есдүгээр сарын 16-ны /2021.09.16/  өдөр Жаргалант суманд газар шорооны ажил хийж байсан "Ховдын Өргөө" ХХК-ийн ажилчид олж саяхан холбогдох албанд өгсөн юм. Одоогоор тус өндөг Ховд аймгийн музейд хадгалагдаж байгаа бөгөөд Шинжлэх ухааны академийн Палентлогийн хүрээлэнд хүлээлгэн өгөхөөр болжээ.

Энэ талаар Ховд аймгийн музейн бүртгэл, мэдээллийн санч Б.Сүхбаатар хэлэхдээ, "Тус өндөг нь судлаачдын үзэж байгаагаар тэмээн хяруул шувууны өндөг байж болзошгүй бөгөөд 17,3 см өндөр, 349 грамм жинтэй бүтэн өндөг юм. Тойргийн хувьд 50.5 см хэвтээ тойрог нь 45.5 см. Монголын маш үнэт өв болно" гэсэн юм. 

Мөн урд өмнө Монголоос тэмээн хяруул шувууны өндөгний хэсэг олдож байсан боловч бүтэн байдлаараа олдож байсан удаагүй юм. Иймээс энэхүү өндөг нь бүтэн олдсон олдоц байдлаараа анхны тохиолдол болж байгаа гэжээ. Мөн өөр нэгэн магадлалыг бататгах зүйл бол тус аймгийн Манхан суманд орших “Хойд цэнхрийн агуйн” хадны зосон зурагт  тэмээн хяруул шувууг дүрсэлсэн явдал юм.  Эхний байдлаар тус эртний шувууны өндөг нь дотроо хөндий бөгөөд урт хугацааны явцад дотор хэсэг нь ууршиж алга болсон байж болзошгүй талаар холбогдох албаныхан бидэнд мэдээллээ.

Тэгвэл хамгийн сүүлчийн мөстлөгийн үе нь ойролцоогоор 110 мянган жилийн өмнө эхэлсэн бөгөөд 12 мянга 500 жилийн өмнө дууссан юм. Энэхүү мөстлөгийн хамгийн дээд цэг нь 20 мянган жилийн өмнө LGM гэх үе болж таарч байгаа юм. Тухайн үед дэлхий дээр 10 сая км миль-ээс 26 сая хавтгай дөрвөлжин км мөс бүрхсэн гэж эрдэмтэд үздэг. Энэ хугацаанд Ойрхи Дорнод болон Зүүн Өмнөд Азийн зарим хэсэг нь уулархаг мөсөн уултай тулгарч байсан юм. Өнгөрсөн 2008, 2014 онуудад мөн тус аймгаас МЭӨ XIII зуунд хамаарах “хадны гурван ширхэг оршуулгын олдвор” зэрэг олдож, Герман улс руу ДНК болон хугацаа тогтоох шинжилгээнд явуулж байсан удаатай.

 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө