12 дугаар сарын 25-ны байдлаар нийслэлийн нийт хүн амын 41.8 хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүүстер тунд хамрагдаад байна. Гэвч хөдөө орон нутагт амьдарч буй иргэд эмнэлгийн байгууллагаас алсмагдмал зайд оршдог учир вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж чадахгүй байх нь бий. Тиймээс сумын төвийн эмч, сувилагчид малчдын гэрт нь очиж бүүстер тун хийж буй талаарх мэдээллийг “France24”, “Africa news” зэрэг гадаадын сайтууд онцолжээ.
-МОНГОЛЫН ЭМЧ НАР АЛСАЛГДСАН БҮС НУТГУУДААР ЯВЖ МАЛЧДАД КОРОНАВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ХИЙЖ БАЙНА-
Сувилагч Г.Содхүү Монголын тал нутгийн алслагдсан бүс нутгуудад амьдарч буй малчдыг коронавирусийн эсрэг вакцины бүүстер тунд хамруулах ажилд ханцуй шамлан оржээ. Гурван сая хүн амтай тус улс цар тахлын эсрэг дэлхийн хамгийн хатуу хязгаарлалт бүхий арга хэмжээнүүдийг авч сүүлийн хоёр жилийн ихэнх хугацаанд хилээ хаажээ. Үүнээс гадна боловсролын байгууллагуудын танхимын үйл ажиллагааг ч мөн зогсоосон.
Одоогоор Монгол Улсын насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан бөгөөд вакцинжуулалтын хөтөлбөр нь маш сайн хэрэгжиж байна. Гэвч өргөн уудам газар нутагт амьдарч буй нүүдэлчин иргэд вакцинжуулалтаас хоцрох нь бий.
Монгол бол дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орнуудын нэг бөгөөд нийт хүн амын гуравны нэг орчим нь нүүдлийн аж ахуй эрхэлдэг. Г.Содхүү “Коронавирусийн эхний давлагааны дараа иргэд вакцин хийлгэхээр уртаас урт оочер үүсгэдэг байсан. Би оройн 21.00 цаг хүртэл ажиллаж, заримдаа гэртээ харьдаггүй өдрүүд хүртэл байсан. Харин одоо өдөрт 5-6 хүн л нэмэлт тун хийлгэхээр ирж байна” гэв. Тэрбээр өдөр бүр малчид руу залгаж, бүүстер тунгаа хийлгэхийг сануулдаг ч алслагдсан бүс нутагт сүлжээ барих нь ховор байдаг аж. Тиймээс эрүүл мэндийн ажилтнууд малчид руу өөрсдөө явахаас өөр аргагүй болжээ.
Г.Содхүү, эмч П.Энхжаргалын хамт малчин П.Энхмаагийнд очиж, нэмэлт тун хийв. П.Энхмаа “Би сумын төв рүү очиж нэмэлт тун хийлгэхээр төлөвлөж байсан. Өмнөх удаа вакцины эхний тунгаа хийлгэхээр 160 гаруй км зам туулсан” гэв.
Н.Бадамхүү гэх өөр нэгэн малчин цусны даралт ихсэх шалтгааны улмаас вакцин хийлгэхгүй гэв. Малчдын дунд цусан дахь холестерин ихсэх өвчин нь түгээмэл юм. Энэ нь тэдний хооллолтоос ихээхэн шалтгаалдаг. 65 настай малчин Г.Дуламсүрэн “Синофарм вакциныг хоёр дахь тунг хийлгэсний дараа миний цусны даралт ихэссэн. Тиймээс би дахин вакцин хийлгэхийг хүсэхгүй байна” гэж бүүстер тунгаас татгалзав. AFP агентлагийн сурвалжлагын өдөр эмч нар зургаан айлд бүүстер тун хийнэ гэж төлөвлөж байсан ч гурав нь зөвшөөрөв. Есдүгээр сараас хойш тус улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоо 3 мянгад хүрч байсан бол өнөөдрийн байдлаар энэ тоо 200 болж буурчээ.
ВИДЕО:
Эх сурвалж: AFP, France24