Энэтхэг, Пакистаны цэргийн удирдлагууд гал зогсоох хэлэлцээгээ өнөөдөр хийхээр болжээ

Энэтхэг, Пакистаны цэргийн удирдлагууд гал зогсоох хэлэлцээгээ өнөөдөр хийхээр болжээ

Энэтхэг, Пакистаны цэргийн удирдлагууд хоёр улсын хоорондын сүүлийн үеийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор гал зогсоох хэлэлцээрийн дараа анхны яриа хэлэлцээгээ өнөөдөр /2025.05.12/ хийхээр төлөвлөж байна.

Энэхүү яриа хэлэлцээ нь хоёр улсын цэргийн ажиллагааны дарга нарын түвшинд утсаар явагдах бөгөөд өнөөдөр 12:00 цагт товлогдсон ч орой болж хойшилсон байна. Энэтхэгийн Кашмирт болсон террорист халдлагын улмаас хоёр улсын хооронд гарсан дөрвөн өдрийн хүчтэй мөргөлдөөний дараа АНУ-ын зуучлалаар гал зогсоох хэлэлцээр бямба гараг /2025.05.10/-т байгуулагдсан юм.

Энэхүү хэлэлцээрийн үр дүнд хилийн дагуух бүс нутгууд харьцангуй тайван байдалд шилжсэн бөгөөд Энэтхэгийн армийн мэдээлснээр сүүлийн хэдэн өдрийн турш анх удаа өнгөрөгч шөнө тайван өнгөрсөн байна.

Гэсэн хэдий ч, Энэтхэгийн тал Пакистаныг гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэж буруутгаж, цаашид ийм үйлдэл давтагдвал хариу арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдсэн. Харин Пакистаны цэргийн төлөөлөгч энэ зөрчлийг үгүйсгэсэн юм. Энэхүү яриа хэлэлцээ нь хоёр улсын хоорондын хурцадмал байдлыг намжаах, цаашдын алхмуудыг тодорхойлох чухал үе шат болох төлөвтэй байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC