БИДНИЙ ТУХАЙ: НҮБ-ын Хүүхдийн сан Улаанбаатарт амьдардаг хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа зовниж байна

БИДНИЙ ТУХАЙ: НҮБ-ын Хүүхдийн сан Улаанбаатарт амьдардаг хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа зовниж байна

Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар бичсэн нийтлэл “Kleinman center for energy policy” судалгааны төвөөс зохион байгуулдаг тэмцээний хоёрдугаар байрт шалгарчээ. Эван Цян хэмээх оюутны бичсэн тус нийтлэлийг орчуулан хүргэж байна.

-МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХ ХҮРТЭЛ УЛААНБААТАР ХОТ АГААРЫН БОХИРДОЛ, ХЯМРАЛТАЙ ХЭВЭЭР БАЙХ БОЛНО-

Монгол Улс байгалийн үзэсгэлэнт газар, өргөн уудам тал, онгон дагшин газар нутгаараа алдартай. Гэвч нийслэл Улаанбаатар хотын амьдрал тэс өөр. Хүйтний эрч чангарсны дараа үхэлд хүргэх хорт тоосонцор Улаанбаатарын гудамжуудаар дүүрдэг. Хотжилт нүүрсэнд түшиглэсэн Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцэд хүндрэл учруулж, Улаанбаатарыг дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын нэг болгож байна. Олон хүний хувьд хорт агаар уушгины хатгалгаа үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж буй бүлэг бол нийгэм эдийн засгийн хамгийн доод шатны амьдралын боломж тааруу иргэд юм.

Онолын хувьд нүүрсний хэрэглээг халах нь өнөөгийн байгаль орчны хямралыг даван туулах ирээдүйтэй шийдэл. Мэдээжийн хэрэг, хурдацтай өөрчлөлт тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй ч урт хугацааны үр ашгийг авчирна.  

2019 онд Улаанбаатарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосны дараа тус улсын засгийн газар цэвэр эрчим хүчний эх үүсвэр болох шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлсэн. Шахмал түлш нь илүү үр ашигтай, бохирдол багатай байдаг ч олон гэр бүлийн хувьд өндөр өртөгтэй байв. Түүхий нүүрс хэрэглэвэл өндөр хэмжээний торгууль төлөх учраас амьдралын боломж тааруу иргэд хууль бус мод бэлтгэлд шилжсэн. Зарим нь резин, хаймар гэх мэт бохир эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах болов.

Нийслэл хотод нь Монгол Улсын хүн амын тавны хоёроос илүү хувь нь оршин суудаг ч албан бус хаягтай иргэд их хотын захаар суурьшжээ. Монголын өвлийг даван туулахын тулд гэр хорооллын иргэд нүүрс түлж ирсэн. Энэ утгаараа Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хороолол үүсгэдэг. Гэр хороололд агаарын AQI түвшин өндөр байдаг бөгөөд энэ нь эрүүл мэндэд ихээхэн эрсдэлтэй.

НҮБ-ын Хүүхдийн сан саяхан Монголын хүүхдүүдийн эрүүл мэндэд санаа зовниж байгаа талаараа мэдэгдсэн. Учир нь Улаанбаатар хотын агаарын бохирдол ургийн эндэгдэл үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж, уушгины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

Эрчим хүч, байгаль орчны хямралыг ядуурал, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгаснаар шийдвэрлэж болно гэдгийг Монголын жишээнээс харж болно. Тогтвортой байдал нийгмийн шударга ёстой салшгүй холбоотой бөгөөд Монгол Улсын Засгийн газар аль алиныг нь шийдвэрлэх хүртэл Улаанбаатар хот агаарын бохирдол, хямралтай хэвээр байх болно.  

Эх сурвалж: Кleinmanenergy