ВИДЕО: Гурван бамбаруушийг "нисдэг тэргээр зөөж, тайгын гүнд тавихгүй" бол суурин газарт буцаж ирэх эрсдэлтэй болоод байна

ВИДЕО: Гурван бамбаруушийг "нисдэг тэргээр зөөж, тайгын гүнд тавихгүй" бол суурин газарт буцаж ирэх эрсдэлтэй болоод байна

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын байгаль хамгаалагчид эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг тэжээж, зохиомлоор ичээхээр төлөвлөж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл Улаан тайгын улсын хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүхээс бамбаруушнууд ичсэн эсэх талаар болон зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

-Бидний өмнө нь сурвалжилж байсан гурван бамбарууш ичсэн болов уу?

-Бамбаруушнууд маань ичээгүй л байна. Энэ жил лав ичихгүй нь бололтой.

-Яагаад ичихгүй байгаа юм бол. Уг нь ичих хугацаа нь болсон биз дээ?

-Тэд маань намар эрт эхээсээ өнчирч хоцорсон учраас тарга, тэвээрэг муу авсан. Мөн хүний гараар хийсэн хиймэл ичээнд гурвуулаа хамт байгаа зэргээс шалтгаалан ичихгүй байх шиг байна. Уг нь Номхон бор, Гэмшил хоёр унтах гээд л байх шиг байгаа юм. Гэтэл Догшин хар ичихгүй, нөгөө хоёртоо саад болоод байна уу гэж хардаж байгаа бид.

-Гурван бамбаруушны бичлэгийг үзсэн. Зөндөө том болсон байна лээ?

-Тийм ээ. Бид ямар ч байсан боломжийнхоо хэрээр тэжээгээд л байна. Өнгө зүс засаад хөөрхөн л болж байна.

-Бамбаруушнууд та бүхэнд дасах хандлага байна уу. Зан авир нь өөрчлөгдөж байна уу?

-Бид бамбаруушнуудаа аль болохоор хүнд дасгахгүй, унаган занг нь хадгалахыг хичээж байна. Номхон бор, Гэмшил хоёр угаас дөлгөөн ааштай. Харин Догшин харын хурц ааш хэвээрээ байгаа. Бид жаахан л алдаа гаргавал аваад үмхэх гээд л байна шүү.

-Тэгэхээр бамбаруушнуудаа яаж байгальд нь тавих билээ. Хэдэн сард тавихаар төлөвлөж байгаа вэ?

-Энэ л бидний сэтгэлийг чилээж байна. Хавар нэлээд дулаан оруулж байгаад буюу тавдугаар сард л их тайгын гүнд тавих санаатай.

-Их тайгын хүнд тавина гэхээр хэрхэн тээвэрлэх билээ?

-Бамбаруушнууд маань хүнтэй ойрхон байсан учраас суурин газар руу орж ирж, айлын мал зэрэг рүү дайрах эрсдэл үүсч болзошгүй. Тиймээс аль болох л тайгын гүн рүү оруулж тавих хэрэгтэй. Харин ингэхийн тулд нисдэг тэргээр л зөөвөрлөх боломжтой. Тайгын гүнд нисдэг тэрэгнээс өөр бамбарууш тээвэрлээд явах боломжгүй зүйл байхгүй.

-Нисдэг тэргээр зөөвөрлөнө гэхээр танай захиргааны төсөв мөнгө хүрэлцэхгүй байх даа. БОАЖ-ын яаманд хандсан уу?

-Тийм ээ. Бид бамбаруушнуудаа нисдэг тэргээр тээвэрлэх хүсэлтээ яамандаа хэлсэн байгаа. Тээвэрлэх үед энэ асуудлыг шийдэж өгнө гэж найдаж байна.