Ч.Бямбажаргал: Энэ жил "шинийн гурван тасарч байгаа" тул бэлгэдлийн хувьд 5-нд идээ, будаагаа хураах нь тохиромжтой

Ч.Бямбажаргал: Энэ жил "шинийн гурван тасарч байгаа" тул бэлгэдлийн хувьд 5-нд идээ, будаагаа хураах нь тохиромжтой

XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн өнгө зурхайд хэрхэн буусан талаар болон энэ сард Шинийн гуравны өдөр тасарч байгаа учир сар шинийн тавгийн идээгээ хэдний өдөр багасгах тухай Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргалаас тодрууллаа.

-Ирж буй усан бар жилийн өнгө ямар байх вэ. Жилийн ерөнхий төлөв зурхайд хэрхэн буусан талаар танилцуулаач?

-Тухайн жилийн ерөнхий өнгийг шорон үхрийн зурлагаар тодорхойлдог. Шороон үхрийн толгойн өнгө хөх, биеийн өнгө ногоон, эвэр, сүүл, чих нь шар, дөрвөн шийр нь хөх, ходоод нь цагаан байна. Үхэр хариулаач нь залуу хүмүүн бөгөөд шар дээлтэй, ногоон бүстэй, хөх царайтай. Насны хувьд идэр хүмүүн байх агаад үс нь зүүн чихний араар ба баруун чихний өмнүүр хийссэн. Малгайнхаа баруун талыг босгож, зүүн талыг буулгасан байна. Унгасан шилбүүр барьсан, хөл нүцгэн үхэр хариулагч хүн үхрийн баруун талд алхаж явна. Үүнээс шинжвэл дөрвөн улирлын эхээр хур бороотой. Гэхдээ жилийн эхээр гандуу, жилийн дундуур хур ус ихтэй, хүйтэн салхитай байх нь. Мөн хийн өвчин тархах магадлалтай. Жилийн ерөнхий төлөв их сайн байгаа.

Идэр залуу хүн үхэр хариулж байгаа учраас идэр залууст сайн. Нялхас, өвгөдөд ширүүвтэр жил гарч байна гэж үзэж байна. Зурхайн номлолд Буян үйлдэгч хэмээх жилд хүн амьтан амгалан жаргалантай учирна гэж тайлбарласан байдаг. Тиймээс энэ жилийн ерөнхий өнгө сайн байх нь.

Ч.Бямбажаргал

-Энэ жилийн тухайд Шинийн гуравны өдөр тасарсан байсан. Ямар сард шинийн өдрүүд тасардаг юм бол?

-Бидний нэрлэдэг билгийн тоолол нь сарны тоолол юм. Хаврын  тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг бол зөвхөн бурхны шашны тоолол бус монголын уламжлалт баяр. 1227 онд Тангуд улсыг мөхөөж түүнээс хойш хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс жил эхэлнэ гэж үзсэн байдаг. Тиймээс Монгол уламжлал, бурхны шашин хоёр нийцэж байгаа юм. Зурхайн ухаан нь бурхны шашны таван бага ухааны нэг. Өндөр гэгээний зарлигаар ламын гэгээн Монголын газар зүйн байршилд тааруулсан төгс буянт зурхайг зохиож гаргасан. Энэ нь тухайн үед Манжаас тусгаар гэдгээ харуулахын тухайд манжийн зурхай, тооллоор бус өөрсдийн цаг тоололтой болно гэж үзэж энэхүү зурхайг гаргасан байдаг юм билээ.

Тиймээс ч сараар тоолж явдаг. Сар хэвийн тойргоосоо хурдтай тойроод явахаар нэг өдөр өнждөг. Сар нь одны тойрон хүрээллийн бүс буюу гэрээ хэвийн тойргоороо явж очоод хэвийн тойргоороо цааш өнгөрвөл нэг хоног болдог байна. Харин хэвийн тойргоосоо хурднаар яваад өнгөрвөл нэг хоног алгасдаг бол хэвийн тойргоосоо удаанаар тойрвол хоног давхцлаа гэж үздэг. Үүнээс үзэхэд энэ жилийн тухайд хэвийн тойргоосоо хурдан яваад өнгөрсөн учир шинийн гурван алгасаж байна. Харин шинийн долоон хоёр тохиож байгаа юм.

-Монгол ёс заншлын хувьд шинийн гурванд идээ будаагаа багасгадаг. Гэтэл энэ жил шинийн гурван алгасаж байгаа учраас хэдний өдөр тавгийн идэшээ багасгах ёстой вэ?

-Монголчууд сондгой тоог бэлэгшээдэг учраас шинийн гурванд идээ будаагаа багасгадаг. Гэтэл шинийн гурван алгасаж, шинийн дөрвөн тохиож байгаа учраас эл өдрийг бэлэгшээхгүй бол шинийн таванд идээ будаагаа багасгаж болно. Харин идээ засаад шинийн нэгнээсээ гурав дахь хоног нь гэж үзвэл шинийн дөрвөндөө идээ будаагаа хурааж болно.

-Энэ жилийн тухайд зуны сар дөрвөн сар тохиож байгаа гэж зурхайн ухаанд буусан байна. Энэ талаар тодруулаач?

-Зурхайн ухаанд сарыг тойргоор нь бодоод үзэхээр жилд хамгийн дээд талдаа 385 хоногтой байдаг юм билээ. Тэгээд доошоогоо 360 хоног гээд явдаг. Энэ жил тэр нь таарч байгаа учраас зуны эхэн сар илүү байна гэж гарч байгаа. Зуны саруудад болдог од гараг, эрхсийн тохиол нь тэгж таарч байгаа юм.