Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
Салхи 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 7, 8-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Лхагва гараг буюу энэ сарын 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.