НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Я.Столтенберг гишүүн орнуудын Батлан хамгаалах сайд нартай зөвлөлдсөний дараа мэдэгдэл хийж, хэвлэл мэдээллийнхний асуултад хариуллаа.
Энэ үеэр тэрбээр “ОХУ-ыг Украины эсрэг харгис хэрцгий дайны ажиллагаа явуулж байна” гэж шүүмжилж, хэрэв ОХУ НАТО-ийн гишүүн улс руу дайрвал цэргийн эвсэл нутаг дэвсгэрийнхээ 1 сантиметр байсан ч хамгаална” гэж санууллаа. Мөн тэрбээр 30 гаруй орны аюулгүй байдлын эвсэл Украин, Оросын ойролцоох зүүн жигүүрт хамгаалалтаа үргэлжлүүлэн бэхжүүлэх болно гэж мэдэгдэв.
Маргааш өглөө НАТО-гийн гишүүн орнуудын тэргүүн нар цаашид авах арга хэмжээг илүү тодорхой хэлэлцэх зорилгоор дээд хэмжээний уулзалт хийхээр болжээ.
Үүсээд буй нөхцөл байдлын улмаас НАТО-гийн зарим гишүүн Украинд зэвсэг, сум болон бусад тоног төхөөрөмж нийлүүлж эхлээд байна. Мөн Эстони, Латви, Литва улсууд хамтарсан мэдэгдэл хийж “Бид Украины ард түмэнд өөрийгөө хамгаалахын тулд зэвсэг, сум, цэргийн дэмжлэг үзүүлэхээс гадна эдийн засаг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болно” гэжээ.
НАТО 2014 онд Украины Крымийн хойгийг Орос улс өөртөө нэгтгэсний дараа зүүн хойд Европ дахь хамгаалалтаа бэхжүүлж эхэлсэн. Тус бүс нутагт одоогоор 5000 орчим цэрэг, техник байрлаж байгаа ч сүүлийн саруудад хэд хэдэн орны цэрэг, техникээр нэмэгдээд байна.
Одоо НАТО-ийн хийх эхний алхам бол 40,000 хүртэл цэргийн хүчээ идэвхжүүлэх явдал юм. НАТО-гийн зарим гишүүн орнууд мөн холбоотон Болгар, Румын, Туркийн ойролцоох Хар тэнгисийн бүс нутаг руу цэрэг, нисэх онгоц, байлдааны хөлөг онгоцоо илгээжээ. Пентагон мөн АНУ-ын 8500 цэргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлээд буй.
Эх сурвалж: AP