А.Өнөржаргал: Эргэн тойрныхны тусламжтай хүмүүсийн бичсэн сөрөг сэтгэгдлийг тоохгүй байхыг хичээсэн ч надад нөлөөлсөөр байсан

А.Өнөржаргал: Эргэн тойрныхны тусламжтай хүмүүсийн бичсэн сөрөг сэтгэгдлийг тоохгүй байхыг хичээсэн ч надад нөлөөлсөөр байсан

Цахим сүлжээнд өөрсдийн содон, сонин дүр төрхөөрөө контент хийж танигдаж чадсан хүмүүс олширсоор байгаа билээ. Тэр дотроо 14 хөн насандаа “Сони эгч” гэх хувиргалтаараа бусдыг хөгжөөж чадсан А.Өнөржаргалыг бид энэ удаагийн ISee.mn сайтын Social ID контент-д онцолж ярилцлаа. Тэрбээр хошин төрлийн бичлэг хийдэг ч амьдрал дээрээ эг л жирийн аав, ээжийн ачлалт хүү гэдгээ онцолж байв.

ХИЙМЭЛ ҮСЭЭ ЗҮҮХЭЭР Л КАМЕРЫН ӨМНӨ АЛААД ӨГМӨӨР САНАГДААД БАЙДАГ

ҮЗЭХ:

-Сайн байна уу. Манай энэ удаагийн SOCIAL ID буланд оролцож байгаад баярлалаа. Үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Алтанхуягийн Өнөржаргал гэдэг. Одоо 14 настай. Ам бүл зургуулаа. Айлын том. Доороо гурван эрэгтэй дүүтэй. Одоогоор modernize entertainment-д А зэрэглэлийн бэлтгэгдэгчээр суралцаж байгаа.

-“Modernize entertainment”-д ороод хэр удаж байна? Тус энтертайнментын талаараа ярихгүй юу?

Манай энтертайнмент анх 2016 онд байгуулагдаж байсан. Одоогоор давхардсан тоогоор 300 гаруй хүүхдүүд суралцдаг ч яг тогтмол 30 гаруй л хүүхэд байна даа. Харин миний хувьд би 2021 онд элсэж байсан. Элсээд удаагүй мөртөө А зэрэглэлийн бэлтгэгдэгч болж, ах эгч нарынхаа итгэлийг даагаад явж байгаадаа туйлын баяртай байдаг.

-Зэрэглэл гээд яриад байна шүү дээ? Нийт хэдэн зэрэглэлтэй вэ?

А,B,C  түвшний гурван бэлтгэгч нартай. C нь дөнгөж элсэж буй суралцагч нар байдаг бол B-д элсээд арай удсан, тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон элсэгч нар байдаг. Харин A зэрэглэлийн хувьд видео контентоо хийдэг, арай шилдгүүд нь ордог гэх үү дээ.

-Чиний хувийн контентын тухайд ярилцъя. Энтертайнментаасаа өөр хувийн пэйж дээр бичлэг оруулдаг уу? Бичлэг хийх санаагаа хэрхэн яаж гаргадаг вэ?

Манайх энтертайментаасаа салбарласан хэд хэдэн пэйжүүд байдаг юм. Тэр дотроо “Baby crash tv” нь А зэрэглэлийн бэлтгэгч нараа танилцуулдаг болоод тэдний контентыг түлхүү оруулаад явдаг. Бичлэг хийх санаа бол бүгд эхлээд ярилцаж байгаад гаргадаг. Дараа нь ах нар дэмжээд “болно” гэвэл хийдэг.

-Анх бичлэгээ хийгээд эхлэх үед ямар санагдаж байв? Мэдээж эрэгтэй хүүхэд хиймэл үс зүүгээд эмэгтэй хүн шиг аашлахад сөрөг сэтгэгдлүүд их ирсэн харагдсан. Чиний хувьд тэрийг хэрхэн хүлээж авч байв?

Анхны контентоо цацахад маш их сандралтай байсан л даа. Хүмүүс сайнаар хүлээж авах болов уу? Сөргөөр хүлээж авах болов уу гэж. Ах нарын зөвлөгөөг сайн сонсоод аль болох сөрөг талаас нь харахгүй байхыг хичээсэн. Эргэн тойрныхны тусламжтай хүмүүсийн бичсэн сөрөг сэтгэгдлийг тоохгүй байхыг хичээсэн ч надад нөлөөлсөөр байсан.

-Мэдээж өөрийн дураараа энэ төрлийн контентыг хийж байгаа учраас энэ мэт асуудалтай нүүр тулах шаардлага заавал гарах л байсан байх. Тэгвэл нөгөө талаас ингэж хийхийн сайхан тал юу вэ?

Гадуур явахад хүмүүс таньж байгаа нь хамгийн сайхан юм уудаа. Гэхдээ энэ нөгөө “Сони эгч” мөн үү гээд байдаг юм. Хиймэл үсгүйгээр намайг танина гэхээр жаахан хачирхалтай санагдаж байсан. Гэхдээ л гоё мэдрэмж. Хиймэл үсээ зүүхээр л камерын өмнө алаад өгмөөр санагдаад байдаг юм. /инээв/

-Хамгийн их талархаж явдаг хүмүүстээ хандаж үг хэлэхгүй юу?

Намайг манай гэр  бүлийнхэн аймар сайн дэмждэг. Аав ээждээ маш их талархдаг. Дүү нар намайг үзээд л инээгээд байдаг нь хөөрхөн. Бас энэ байгууллагын ах нартаа баярлалаа гэмээр байна.