Өнгөрөгч шөнө ОХУ, Украины засгийн газрын төлөөлөгчид Туркийн нийслэл Истанбулд уулзлаа. Уулзалтын үр дүнд ОХУ Украины зарим хэсгээс тодруулбал, Киев болон умард бүсийн Чернигов хотод байлдааны ажиллагааг эрс бууруулж, цэргийн хүчээ татахаа мэдэгдсэн.
Мөн 2014 онд ОХУ-ын эзлэн авсан Крымийн хойгийн асуудлыг ирэх 15 жилийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд тус бүс нутгийн асуудлыг “цэргийн дайсагналцал, зэвсэгт мөргөлдөөнгүйгээр” хэлэлцэх аж.
Энэ талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленскийгийн зөвлөх Михайло Подоляк “Талууд Крым, Севастополийн нутаг дэвсгэрийн асуудлыг ирэх 15 жилд хэлэлцэхээр тохиролцсоныг онцлон хэлмээр байна” гэв. Украин болон барууны орнууд Крымийн хойгийг Орост нэгтгэхийг эсэргүүцэж байгаа. Шинжээчдийн зүгээс ирэх 15 жилд хэлэлцэхээр тохиролцсон нь уг асуудлыг одоохондоо “анхаарлаас гаргаж байгаа бололтой” хэмээн таамаглаж байна.
Уулзалтын дараа Киев орчмоос Оросын цэрэг ухарч эхэлснийг Вашингтоны албаныхан баталсан ч Украины нийслэлд агаарын цохилтын аюул өндөр хэвээр байгааг анхааруулсан байна. Мөн Украины ерөнхийлөгч В.Зеленский “Оросууд цэргээ татаж буй нь нааштай мэдээ гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ халдлага, довтолгоо бүрмөсөн зогсоно гэсэн үг биш” гэжээ. Ингээд өчигдөр болсон Орос, Украины хэлэлцээнээс дараах асуудлаар шийдэлд хүрсэн байна.
ҮҮНД:
- Украин НАТО-ийн гишүүн болохгүй, төвийг сахина, цөмийн зэвсгээс ангид байна. Гадаадын зэвсэгт хүчнийг өөрийн нутаг дэвсгэртээ байрлуулахгүй. Гэхдээ Европын холбоонд элсэх нь нээлттэй.
- Британи, Хятад, АНУ, Турк, Франц, Канад, Итали, Польш, Израйл улсууд төвийг сахьсан Украиныг гадны халдлагаас хамгаалах баталгаа гаргана.
- Украин цэрэг-улстөрийн эвсэлд нэгдэхгүй. Олон улсын цэргийн сургуулилтанд оролцох бол баталгаа гаргагч орнуудаас зөвшөөрөл авна.
- 2014 онд Оросын эзлэн авсан Кримийн хойгийн асуудлыг ирэх 15 жилийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ.
- Оросын дэмжлэгтэйгээр салан тусгаарласан зүүн бүсийн (Донецк, Луганск) асуудлыг хоёр ерөнхийлөгч хэлэлцэж шийдвэрлэнэ.
- Крим болон Донбассын асуудлыг эцэслэхгүйгээр дээрх нөхцлүүдийг зөвшөөрөн гал зогсоох нь хэлэлцээг үргэлжлүүлэхэд шаардлагатай нөхцөл гэж үзжээ. Иймд ОХУ Киевийн орчим болон Чернихив хотын хойд хэсгийн довтолгоог эрс бууруулна гэж мэдэгдлээ.
Харин АНУ энэхүү хэлэлцээний дараах ОХУ-ын мэдэгдэлд эргэлзэж буйгаа илэрхийлсэн бол Их Британийн Ерөнхий сайд ОХУ хэлсэн үгийнхээ бус хийсэн үйлдлийнхнэ төлөө хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдээд байна
Эх сурвалж: CNN