С.Лавров Хятадад айлчилж, “хоёр орны харилцаа түүхэн дэх хамгийн сайн түвшинд байна” гэж мэдэгдэв

С.Лавров Хятадад айлчилж, “хоёр орны харилцаа түүхэн дэх хамгийн сайн түвшинд байна” гэж мэдэгдэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр/2022.03.30/ БНХАУ-д айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.

Уулзалтад Афганистан, Пакистан, Иран, Тажикстан, Туркменистан, Узбекистаны төлөөлөгчид оролцсон бөгөөд дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Азийн орнуудын ирээдүйн талаар хэлэлцэх байв. Гэвч Украины нөхцөл байдлыг тойрсон асуудлуудад уулзалтын гол зорилго дарагдсан гэж DW агентлаг бичжээ.   

Уулзалтын үеэр Хятад улс Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалж буйгаа дахин илэрхийлсэн ч ОХУ-ын түрэмгийллийг буруутгаагүй байна. Мөн ОХУ Хятадаас цэрэг, эдийн засгийн тусламж үзүүлэхийг хүссэн гэх мэдээллийг үгүйсгэжээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 14-ний өдөр АНУ-ын нөлөө бүхий албан тушаалтнууд ОХУ Хятадаас цэрэг болон эдийн засгийн тусламж хүссэн талаар мэдээлсэн юм.

ОХУ Украинд түрэмгийлснээс хойш С.Лавров БНХАУ-д анхныхаа айлчлалыг хийж байна. Уулзалтын дараа С.Лавров хоёр орны харилцаа түүхэн дэх хамгийн сайн түвшинд байна гэж мэдэгдсэн байна. Нөгөө талаар шинжээчид Лавровын айлчлал барууны орнуудын эсэргүүцэлтэй нүүр тулж буй энэ үед БНХАУ-тай харилцаагаа илүү бататгах зорилготой байсан хэмээн тайлбарлажээ.

ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Сайд нар Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй санал солилцсон. Мөн барууны орнуудын хориг арга хэмжээ сөрөг үр дагаварт хүрч буйг талууд онцолсон” гэжээ. БНХАУ-д айлчилсныхаа дараа С.Лавров Энэтхэгт дипломат айлчлал хийлээ. Энэтхэг бол Украины түрэмгийллийн асуудлаар ОХУ-ыг буруутгаагүй, төвийг сахисан байр суурьтай байгаа цөөн орны нэг юм.

Эх сурвалж: DW, Aljazeera