Д.Песков: Оросын арми ч мөн их хэмжээний хохирол амсаад байна

Д.Песков: Оросын арми ч мөн их хэмжээний хохирол амсаад байна

Орос улс Украинд түрэмгийлснээс хойш 44 хоног өнгөрч байна. Энэ хугацаанд Оросын цэргүүд ч их хэмжээний хохирол амссан гэдгийг Кремль хүлээн зөвшөөрчээ.

Тодруулбал, Ерөнхийлөгч В.Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Их Британийн “Sky News” сувагт өгсөн ярилцлагадаа “Манай цэргүүд ч мөн их хэмжээний хохирол амссан. Хохирогчид бидний хувьд хамгийн том эмгэнэл юм” гэжээ. Мөн тэрбээр “Орос улс дайныг зогсоох арга замыг хайж байгаа. Манай арми энэ ажиллагааг зогсоохын тулд чадах бүхнээ хийж байна. Ойрын өдрүүдэд, ойрын ирээдүйд ажиллагаа зорилгодоо хүрнэ эсвэл Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээгээр дуусгана гэж найдаж байна" гэжээ.

Үүнээс гадна Песков Оросын цэргүүдийн Буча хотод үйлдсэн гэх халдлагыг няцаажээ. Тэрбээр “Бид хуурамч, худал мэдээллийн өдрүүдэд амьдарч байна. Бучад алагдсан гэх хүмүүсийн зураг бүгд ор үндэсгүй” гэжээ. ОХУ-ын Батлан хамгаалахын яам гуравдугаар сарын 25-нд мэдэгдэл хийхдээ манай 1351 цэрэг дайны үеэр амь үрэгдсэн гэсэн юм. Харин барууны удирдагчид болон шинжээчид Оросын 7000-15000 цэрэг амь үрэгдсэн гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

23 цагийн өмнө