Ормузын хоолой орчимд сүүлийн 24 цагийн дотор халдлагад өртсөн чингэлэг тээвэрлэгч болон задгай ачааны хоёр хөлөг онгоц живсэн талаар далайн тээврийн албаны эх сурвалжууд лхагва гараг /2026.10.14/-т мэдээлжээ.
ВИДЕО:
Сингапурын далбаатай “GFS Pride” хөлөг онгоц мягмар гарагт Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх үедээ гэмтэж, гал гарсны улмаас живсэн байна. Сингапурын Далай, боомтын захиргааны мэдээлснээр, хөлгийн багийн 21 гишүүнийг бүгдийг нь эсэн мэнд аварсан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүй аж. Харин Антигуа ба Барбуда улсын далбаатай “Cape Dao” хөлөг онгоц өмнө нь буюу есдүгээр сарын 23-нд цохилтод өртсөнөөс хойш хэдэн долоо хоногийн дараа живжээ. Олон улсын далайн байгууллагын мэдээлснээр, уг халдлагын үеэр багийн нэг гишүүн амиа алдсан байна.
Сүүлийн өдрүүдэд Ормузын хоолой орчимд худалдааны хөлөг онгоцууд руу чиглэсэн халдлага нэмэгдэж, далайн тээврийн аюулгүй байдалд санаа зовних нөхцөл үүсээд байгаа аж. Далайн эрсдэлийн менежментийн MARISKS компани халдлагын эрсдэл зөвхөн газрын тос тээвэрлэгч танкеруудаар хязгаарлагдахгүй, чингэлэг болон задгай ачааны хөлөг онгоцуудад ч ноцтой аюул учруулж байгааг анхааруулжээ.
Дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн худалдааны ойролцоогоор тавны нэг нь дайны өмнө Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг байна. Иймээс тус усан зам дахь халдлагууд эрчимжиж байгаа нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлт, олон улсын худалдаанд нөлөөлж болзошгүй байгаа ажээ.
Эх сурвалж: Reuters