ВИДЕО: Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон Киевт гэнэтийн айлчлал хийж В.Зеленскийд тусламж үзүүлэхээ амлажээ

ВИДЕО: Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон Киевт гэнэтийн айлчлал хийж В.Зеленскийд тусламж үзүүлэхээ амлажээ

Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон Украины нийслэл Киев хотод гэнэтийн айлчлал хийж, В.Зеленскийтэй уулзжээ. Энэ талаар Их Британийн тал, "Ерөнхий сайд Б.Жонсон Украины ард түмэнтэй хамт гэдгээ илэрхийлэлж бямба гараг /2022.04.09/-т нийслэл Киевт айлчилсан" гэж мэдээлжээ.

 

Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар Киев хотын төвөөр алхаж байна. (Ukrainian Presidential Press Office/AP)

Энэ айлчлалын үеэр Украины Ерөнхийлөгч В.Зеленский, “Орост бүр илүү шахалт үзүүлэх"-ийг уриалсан байна.  Тэрээр, “Бусад улс орнууд Их Британийн жишээг дагах ёстой” хэмээгээд “Оросын эрчим хүчний салбарт бүрэн хориг тавьж, Украинд зэвсгийн хангамжийг нэмэгдүүлэх цаг нь болсон" гэж мэдэгджээ. 

Украины Ерөнхийлөгч В.Зеленский 4 дүгээр сарын 9-нд Киевт Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсонтой уулзаж байна. (Ukrainian Presidential Press Office/AP)

Харин Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон мэдэгдэл хийхдээ "Ерөнхийлөгч В.Зеленскийн тууштай удирдлага, Украины ард түмний дийлдэшгүй баатарлаг байдал, эр зоригийг үнэлж байна. Украин улс саад бэрхшээлийг даван туулж, Оросын цэргүүдийг Киевийн хаалганаас түлхэн гаргалаа" гэжээ. Мөн тэрээр, “Их Британи болон Украиныг дэмжиж буй бусад улсууд Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгасаар байх болно. Тэр дундаа Оросын нүүрс, байгалийн хийн хэрэглээнээс татгалзах болно” гэжээ.

Тэд уулзалтынхаа үеэр Украиныг сэргээн босгох талаар ярилцсан байна.

Харин Б.Жонсон Киевт айлчлал хийснийхээ дараа Их Британи тус улсад 100 сая фунт стерлингийн зэвсэг нийлүүлэхээ мэдэгджээ. Тэрээр, “Их Британи улс зенитийн пуужин, танк эсэргүүцэх 800 пуужин зэрэг нэмэлт цэргийн техникийг Украинд илгээнэ” гэжээ. Учир нь Украины зүүн хэсэг рүү Оросууд довтолгоо хийхээр бэлдэж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. 

Эх сурвалж: CNN

BBC

Гэрэл зургийн эх сурвалж: REUTERS

Гэрэл зургийн эх сурвалж: REUTERS