Нутаг дэвсгэрт нь биолаборатори байгуулах ОХУ-ын саналаас Киргиз татгалзжээ

Нутаг дэвсгэрт нь биолаборатори байгуулах ОХУ-ын саналаас Киргиз татгалзжээ

ОХУ, Киргизын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан өчигдөр/2022.04.19/ болж, хоёр орны худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ.

Энэ үеэр Киргизийн нутаг дэвсгэрт ОХУ-ын BSL3 биологийн лаборатори байгуулах асуудлаар талууд санал солилцсон байна. Өмнө нь энэ талаар дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Москва хотод Киргизийн Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Арзыбек Кожошев, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук нар ярилцаж байжээ. Харин Киргизийн эрх баригчдын зүгээс өөрсдийн нутаг дэвсгэрт уг төслийг хэрэгжүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа аж.

“BSL-3” биологийн лаборатори нь аюулгүй байдлын гуравдугаар зэрэглэлд эрэмбэлэгддэг. Энэ түвшинд коронавирус, холер, боом, галзуу, ХДХВ-ийн омгууд зэрэг эмгэг төрүүлэгчдийг судалгаанд ашигладаг талаар Киргизийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

2010 онд Канадын хөрөнгө оруулагчид Бишкек хотын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт биологийн лаборатори байгуулах санал тавьж байсан ч дотоодын хэд хэдэн төрийн бус байгууллага, иргэд эсэргүүцэж байжээ.

Эх сурвалж: Hindustannewsh