Оросын армийн гарт амиа алдсан Мариуполийн оршин суугчдыг бөөнөөр нь оршуулах ажиллагаа хотоос баруун тийш 20 км-ийн зайд байрладаг Манхуш тосгонд болсон байна гэж Украины өмнөд нутгийн боомтын зөвлөл мэдэгджээ.
Мэдэгдэлд, "Нас барсан Мариуполийн оршин суугчдыг олноор нь оршуулсан газрыг удаан хугацаанд хайсаны эцэст олж тогтоолоо. Энэ бол дайны гэмт хэрэг, үүнийгээ нуун далдлах гэсэн оролдлогын шууд нотолгоо. Энэхүү оршуулах газрын талбай ойролцоох оршуулгын газраас хоёр дахин том байна. Бараг 80 жилийн өмнө нацистууд Агробаза тосгонд 12 мянган Мариуполийн оршин суугчийг буудан хороосон. Энэ нь Манхуш тосгоны ойролцоо болсон. Харин одоо түүх дахин давтагдаж, Германы фашистуудын оронд Оросууд ирсэн байна" гэжээ.
Учир нь Максар технологийн компани Мягмар гараг /2022.04.19/-т Мариуполь хотын ойролцоо хүмүүсийг олноор булшласан байна гэдгийг харуулсан хиймэл дагуулын хэд хэдэн зургийг нийтэлсэн юм.
Тус компани энэ тухай мэдэгдэлдээ, “сүүлийн үед авсан хиймэл дагуулын өндөр нарийвчлалтай зургуудаас харахад Украины Манхуш тосгоны баруун хойд захад бөөнөөр булшлах газар шинээр бий болсон байна. Энэ нь Оросын цэргүүд Мариупольд амиа алдсан хүмүүсийн цогцсыг энэ газарт авч ирж байна гэсэн үг. Гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл хиймэл дагуулаас авсан зургуудаас үзэхэд шинээр бий болсон булшны өргөтгөлийн ажил 2022 оны гуравдугаар сарын 23-26 ны хооронд эхэлсэн бөгөөд сүүлийн хоёр долоо хоногт үргэлжилсээр байна. Булш шугаман эгнээтэй дөрвөн хэсэгт байрлаж байна. Ойролцоогоор нэг нүх 200 гаруй цогцос агуулах боломжтой” гэжээ.
Харин Мариуполь хотын дарга В.Бойченко өчигдөр /2022.04.21/ мэдээлэл хийхдээ, “Оросын цэргүүд Манхуш тосгоны ойролцоох булшинд эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настангууд гээд олон энгийн иргэдийн цогцсуудыг булсан. Долоо хоногийн турш хийсэн ОХУ-ын бөмбөгдөлтөд 20 мянга орчим хүн амиа алдсан. Харин Мариуполь хотод нас барсан иргэдийн цогцос хотын гудамжнаас гэнэт алга болж эхэлснийг бид харсан” гэжээ. Иймд Оросын армийн үйлдсэн гэх “Дайны гэмт хэрэг”-ийг Дэлхийн олон улс орнууд буруутгаж эхлээд байна. Харин ОХУ-ын тал энэ асуудлаар олон нийтэд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: BBC, CNN