Орос Украины олон арван хотыг эзэлсэн ч, сүүлийн 24 цагт томоохон амжилт үзүүлээгүй гэж Их Британийн БХЯ мэдэгджээ

Орос Украины олон арван хотыг эзэлсэн ч, сүүлийн 24 цагт томоохон амжилт үзүүлээгүй гэж Их Британийн БХЯ мэдэгджээ

Украины албаныхан Донецк, Луганск даяар ширүүн тулаан үргэлжилсээр байна гэж мэдэгдэж байгаа бол, Орос улс Донбассын бүс нутгийг довтлохдоо олон арван жижиг хотуудыг эзлэн авчээ. 

Тодруулбал, ОХУ-ын Цэргийн төв тойргийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч Р.Миннекаев “Цэргийн тусгай ажиллагааны хоёрдугаар үе шат эхлүүлсний зорилго бол Оросын армийн нэг үүрэг бол Донбасс болон Украины өмнөд хэсэгт бүрэн хяналт тогтоох явдал юм. Ингэснээр Крымийг хуурай замын коридороор хангах болно" гэж мэдэгдсэн. Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын зөвлөх О.Симоненко, “сүүлийн 24 цагийн хугацаанд Донецк мужид дахин 42 суурин Оросын хяналтад орсон” гэж ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

Харин Их Британийн Батлан ​​хамгаалах яам өнөөдөр /2022.04.23/ гаргасан мэдэгдэлдээ, “өнгөрсөн 24 цагийн хугацаанд Украины сөрөг довтолгооны улмаас Оросын арми ямар ч томоохон амжилт олж чадаагүй. Учир нь Украины агаарын болон тэнгисийн довтолгооноос хамгаалах хүчин ч Оросын агаарын болон тэнгисийн хүчний ахиц дэвшлийг зогсоож чадсан” гэжээ. Мөн тус мэдээлэлд, “Оросууд Мариуполь хотыг эзэлсэн гэж мэдэгдсэн ч ширүүн тулаан үргэлжилсээр байна" гэсэн байна.

Сонирхуулахад, ОХУ-ын хүчин одоогийн байдлаар Украины өмнөд хэсэгт хэсэгчлэн хяналтаа тогтоогоод байгаа бөгөөд Украины засгийн газар гол гол хотууд болох Николайев, Одесса болон бүслэгдээд байгаа Мариуполь боомт дахь гангийн үйлдвэрт хяналтаа тогтоосон хэвээр байгаа юм.

Эх сурвалж: CNN