Н.Энхбаяр: Барууны хориг арга хэмжээ цааш тэлбэл Монгол Улсын эдийн засгийн өсөлт төсөөлснөөс доош бууж болзошгүй

Н.Энхбаяр: Барууны хориг арга хэмжээ цааш тэлбэл Монгол Улсын эдийн засгийн өсөлт төсөөлснөөс доош бууж болзошгүй

"Орос-Украины асуудлаас үүдэлтэй Монгол Улсын эдийн засагт тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт судлаач, эдийн засагчид оролцож дэлхийд үүсээд буй нөхцөл байдлын талаар, энэ нь Монгол Улсад хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцлээ.

Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр Орос-Украины нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Олон улсын байгууллагууд энэ оны эхэнд гаргасан дүгнэлт таамаглалдаа дэлхийн эдийн засаг 4.4 хувийн өсөлттэй байна гэж тооцож байсан. Харин одоо Олон Улсын Валютын сан үүнийг бууруулж, 3.6 хувийн өсөлтийн таамаглал гаргаж байна. Гол үйл явц өрнөж буй Европын бүс нутгуудад эдийн засаг 2.8 хувь гэж үзэж байгаа. Ерөнхийд нь бүс нутгаар нь авч үзвэл

  • Украины эдийн засаг 35-40 хувь,
  • ОХУ-ын эдийн засаг Олон улсын валютын сангийн таамагласнаар 8.5 хувь, Дэлхийн банкны тооцоолсноор 11 хувь,
  • Беларусийн эдийн засаг 6-6.5 хувь буурах үндсэндээ хасахтай гурван улс байна.
  • Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн засаг харин 4.5-5 хувийн өсөлттэй байна гэсэн таамаглал байна.

Гэвч ОХУ, Украинтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаатай манай орны хувьд сөрөг нөлөөтэй. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг бууруулаад 2.5 хувь байна гэсэн тооцоог танилцуулсан.

Оны эхэнд манай засгийн газар болон УИХ 5 гаруй хувиар өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байсан. 2.5 хувь гэдэг нь мөн л баталгаат тоо биш. Одоогийн нөхцөл байдалд таамаглал. Үйл явдал цаашдаа удаан үргэлжилж, эдийн засгийн хориг арга хэмжээ тэлэх юм бол Монгол Улсын эдийн засгийн өсөлт үүнээс ч доош бууж болзошгүй.

Энэ бүхнээс манай улс аливаа болж буй гадаад “шок”-т маш эмзэг байгаа нь харагдаж байна. Олон улсын байгууллагууд ч 2008, 2009 оны эдийн засгийн хямралаас хойш олон удаа хэлж байсан. Монгол Улс байгаль цаг уурын эрсдэлд маш эмзэг, дэлхийн гадаад зах зээлийн түүхий эдийн өсөлтөд эмзэг, ковид өвчин тахалд эмзэг, геополитикт эмзэг. Эдийн засгийн бүтцийн хувьд төрөлжөөгүй. Дан ганц түүний эдийн экспортоос 90 хувь хамааралтай, уул уурхайн салбар эдийн засгийн дөрөвний нэгийг эзэлж байгаа. Ийм эдийн засаг маш эмзэг.

Гэтэл гадаад "шок"-ийг тэсвэрлэдэг улс байна. Тухайлбал, Вьетнам улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд 5 хувиас буугаагүй. Ямар ч тохиолдолд 5-6 хувийн өсөлттэй байдаг. Эдийн засгийн маш зөв бүтэцтэй. Бидний тавиад байгаа зорилт ердөө л энэ. Эдийн засгийн бүтцээ төрөлжүүлье. Энэ хэвээрээ яваад байвал бид ойж, буугаад л байх болно. Үүнтэй холбоотой бидэнд Төсвийн тогтворжуулалтын сан, Төсвийн тогтвортой байдлын хууль зэрэг олон зүйл санал болгосон. Харамсалтай нь бид тогтсон механизмаа зөв мөрдөж чадахгүй байна” гэв.