Хаан Банк , “Милко” ХХК-ийн "Экспортын үйлдвэрийн бүс” байгуулах төсөлд  60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо

Хаан Банк , “Милко” ХХК-ийн "Экспортын үйлдвэрийн бүс” байгуулах төсөлд  60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор боллоо

Хаан Банк ТЭСО группийн салбар “Милко” ХХК-ийн “Олон улсын жишиг экспортын үйлдвэрийн бүс” байгуулах төсөлд  60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү санхүүжилтийн 39 тэрбум төгрөгийг ногоон зээлээр олгох юм.

“Зөв аарцны ундаа” үйлдвэрлэдгээр нь “Милко” ХХК-ийг хэрэглэгчид сайн мэднэ. Тэгвэл ХААН Банкнаас олгож буй урт хугацаат ногоон санхүүжилтийн хүрээнд тус компани хог хаягдлыг багасгах, эрчим хүчний хэрэглээг 50 гаруй хувиар, хүлэмжийн хийн ялгарлыг 8000 гаруй тонноор бууруулах шинэ тоног төхөөрөмжүүд худалдан авч, ингэснээр үйлдвэрийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.  Өөрөөр хэлбэл, сүү хуурайшуулах үйлдвэр болон Тетрапак үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг шинэчилснээр цахилгааны ашиглалт буурч, үйлдвэрийн бүтээмж нэмэгдэхээс гадна нэгж бүтээгдэхүүний зардал багасах аж.

 

Мөн үйлдвэрийн байрыг өргөжүүлснээр баруун бүсийн бэлтгэн нийлүүлэгчдээс сүү татан авах боломжтой болж, “Айсмарк” ХХК-ийн түүхий эдийг бүрэн хангах юм байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг ийнхүү сайжруулснаар хүнсний экспортын хэмжээг өсгөж, валютын урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр “Байгальд ээлтэй эко үйлдвэрлэл бий болох боломж бүрдэж, харилцагчийнхаа бизнесийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор ХААН Банк энэхүү санхүүжилтийг олгох болсондоо баяртай байна. ХААН Банк тогтвортой хөгжлөөр түүчээлэх эрхэм зорилтын хүрээнд ногоон буюу тогтвортой санхүүжилтэд анхаарал хандуулан ажиллаж байна. ТЭСО групптэй бид 2003 оноос хамтран ажиллаж ирсэн, манай сайн харилцагч, түнш байгууллага бөгөөд “Милко” ХХК-ийн хэрэгжүүлэх энэхүү төсөл нь ХААН Банкны ногоон зээлд тавигдах шалгууруудыг хангаж, хөндлөнгийн олон улсын байгууллагаар баталгаажуулалт хийгдсэн төсөл юм. Хог хаягдлын хэмжээг багасгаж, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээг бууруулаад зогсохгүй эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчинд эерэг нөлөө үзүүлэх энэхүү төсөлд санхүүжилт олгосноор ХААН Банк нь уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулж, тогтвортой бизнес, тогтвортой хөгжлийг цогцлоох зорилгоо алхам алхмаар хэрэгжүүлж байна гэж үзэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.