Архангай аймаг руу "сайжруулсан түлш" тээвэрлэж яваад баригджээ

Архангай аймаг руу "сайжруулсан түлш" тээвэрлэж яваад баригджээ

Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж, хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан билээ. Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрх жилдээ хүйтний улиралд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

Харин "Таван толгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь 220 мянган өрхийг 600-700 мянган тонноор бүрэн хангах боломжтой гэсэн тооцоо судалгаа гаргасан байдаг. Иргэд сайжруулсан түлшийг 540 орчим цэгээс картаар авна. Харин нэг өрх 2-6 тонныг авах эрхтэй байхаар төлөвлөсөн байдаг. Хэмжээний хувьд 25кг, 600кг, 900кг болон 1 тонн гэсэн савлагаатай гаргаж байгаа нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулж байгаа.

Тэгвэл тус шахмал түлшийг зөвхөн Улаанбаатар хотод хэрэглэж, аймаг,  хөдөө орон нутаг руу тээвэрлэх нь хориотой бололтой. Учир нь өчигдөр /2019.10.04/ Архангай аймгийн иргэн сайжруулсан шахмал түлшийг оршин суугаа аймаг руу тээвэрлэж яваад баригдсан байна.

Энэ тухай “Сайжруулсан түлш” facebook пэйж хуудаст: “Сайжруулсан түлш бол зөвхөн Улаанбаатарт хэрэглэх ёстой түлш. Гэтэл Архангайн энэ ах хүү цэгүүдээр явж 4 шуудайгаар нь цуглуулсаар байгаад портер түлш ачиж аваад Архангай руу гарч яваад Байгаль орчны байцаагч нарт "гардуулчихаж". Хээгүй ах байна өө, "Архангайд очиж гэртээ түлмээр байна ш дээ" гэнэ ээ. Уучлаарай, эхлээд бүгдээрээ Улаанбаатар хотоо утаанаас салгая, дараа нь аймгийн төвүүдийг” гэжээ.