LIVE: Онцгой, Гаалийн албан татварыг тэглээгүй, Роснефть компанитай хэлцэл хийгээгүй бол АИ-92 бензин 3330 төгрөгт хүрэх байсан

LIVE: Онцгой, Гаалийн албан татварыг тэглээгүй, Роснефть компанитай хэлцэл хийгээгүй бол АИ-92 бензин 3330 төгрөгт хүрэх байсан

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ: 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал "ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирсон. Ингэснээр “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Манай улс энэ онд 24 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн уулзалтын үеэр ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцсон бөгөөд манай талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг "Роснефть" компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдсэн.

Монгол Улсын Засгийн газар АИ-92 автобензиний үнийн өсөлттэй холбоотой Гаалийн албан татварыг 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн он дуустал ТЭГЛЭХ шийдвэр гаргасан бөгөөд Онцгой албан татварыг 2018 оноос эхлэн ТЭГЛЭСЭН нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй. Мөн УУХҮ-ийн сайд Г.Ёндон гуравдугаар сард “Роснефть” компанитай хэлцэл хийсний үр дүнд АИ-92 автобензиний үнэ тонн тутамд 1110 ам.доллараас буурч, манай улс тонныг нь 840 ам.доллараар худалдан авч, импортолж байна.

Хэрэв Онцгой албан татвар болон Гаалийн албан татварыг тэглээгүй бол, мөн Роснефть компанитай хэлцэл хийхгүйгээр Сингапурын биржийн дөрөвдүгээр сарын газрын тосны бүтээгдэхүүний үнийн дундаж үнээр борлуулвал өнөөдөр АИ-92 автобензин литр нь 3330 төгрөгт хүрэх байсан.

Харин дээрх арга хэмжээний үр дүнд литр тутамд нэмэгдэх байсан нийт 940 төгрөгийн өсөлтөөс сэргийлж, ойрын гурван сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод АИ92 автобензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөг байна.

Уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед Дизель түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бууруулж, тонн нь “O” төгрөг болгосон. Дөрөвдүгээр сард ДТ-ний үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд хэрэв ОАТ-ыг тэглэхгүйгээр Сингапурын бирж дэх үнээр борлуулсан бол 3714 төгрөгт хүрэх байв. Харин Дизель түлшний Онцгой албан татварыг тэглэснээр литр тутамд 235 төгрөгийн өсөлтөөс сэргийлсэн. Өнөөдрийн байдлаар нэг литр Дизель түлшийг 3380 төгрөгөөр борлуулж байна" гэлээ.