Татварын өрийн улмаас хаагдаад байсан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээж эхэллээ

Татварын өрийн улмаас хаагдаад байсан аж ахуйн нэгжүүдийн дансыг нээж эхэллээ

Засгийн газраас 2022 оныг “Монгол Улсад зочлох аялал жуулчлалын жил”-ээр зарласантай холбоотой зорилтот ажлууд биелэлээ олж эхэлсэн тухай БОАЖЯ-аас мэдээллээ.

Монгол Улс энэ оны хоёрдугаар сарын 14-ны өдөр олон улсад хилээ нээхээ зарласантай холбогдуулан БОАЖЯ-аас аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээхийн тулд салбарын төлөөллийн санал, хүсэлтийг сонсох удаа дараагийн уулзалтуудыг зохион байгуулсан.

 

Тодруулбал, БОАЖЯ, МАЖХ ТББ хамтран Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт хүргүүлснээр аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудын нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг тодорхой хугацаатай график гарган, хуваан төлүүлэх шийдвэрийг салбарын яамаас дэмжиж,  аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын хэлтэст чиглэл өгснөөр цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалж, нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан гаргаж ажилласан ААНБ-ууд харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ хүсэлт гарган, үйл ажиллагааны орлогоо тооцон төлбөр төлөх, графикаа харилцан тохиролцон хамтран ажиллах боломжтой болов.

Мөн түүнчлэн  дөрөвдүгээр сарын 30 -ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзсан уулзалтын дүнд өнгөрсөн хугацаанд хаагдаад байсан аж ахуйн нэгжийн дансыг нээх талаар Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгосноор Татварын ерөнхий газраас тавдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүдийн дансыг нээх ажлыг арилжааны банкнуудтай хамтран хэрэгжүүлж 40 орчим аж ахуйн нэгжийн харилцах дансыг нээгээд байна.

Цаашид "2023 оныг Монгол Улсад зочлох аялал жуулчлалын жил болгон зарлах" болсонтой холбогдуулан аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийг дэмжих, салбарыг сэргээхэд чиглэсэн нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.