Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өчигдөр/2022.05.05/ “Оросын Украин дахь дайн ийм удаан үргэлжилнэ гэж төсөөлөөгүй. Бид дайныг зогсоохын тулд шаардлагатай бүх зүйлийг хийж байна” гэж хэлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна.
Тодруулбал, тэрбээр “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан бөгөөд мөн “Украин Оросыг өдөөн хатгаж байна. Бид ямар ч дайныг хүлээн зөвшөөрөхгүй. Дайн гаргахгүйн тулд бид бүгдийг хийсэн. Одоо ч хийж байна. Украин-Орос хоорондын хэлэлцээ эхэлсэн. Гэвч нутаг дэвсгэр дээр нь дайн үргэлжилж, хүмүүс үхэж байхад Украины тал яагаад энэ хэлэлцээг сонирхохгүй байна вэ” гэжээ.
Түүнчлэн А.Лукашенко “Беларусь улс цөмийн зэвсэг хэрэглэхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэхдээ Оросод тийм төлөвлөгөө байгаа эсэхийг хэлж чадахгүй” юм гэсэн байна.
Энэ долоо хоногт Беларусийн зэвсэгт хүчин Украины хойд хилтэй залгаа орших өөрсдийн нутаг дэвсгэрт гэнэтийн цэргийн сургуулилт явуулж эхэлсэн. Энэ нь Украинд ихээхэн түгшүүр төрүүлж байгаа юм. Тэгвэл А.Лукашенко өчигдөр өгсөн ярилцлагадаа “энэ сургуулилт хэнийг ч заналхийлээгүй” гэжээ.
Эх сурвалж: Euronews