Шадар сайд С.Амарсайханы “өндөр ашиг олдог” гэх МИК 2021 онд 146 тэрбумын цэвэр алдагдал хүлээжээ

Шадар сайд С.Амарсайханы “өндөр ашиг олдог” гэх МИК 2021 онд 146 тэрбумын цэвэр алдагдал хүлээжээ

Шадар сайд С.Амарсайхан Ипотекийн зээлд хяналт тавих ажлын хэсэгтэй уулзах үеэрээ Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс Монголын Ипотекийн Корпораци ХХК (MИK ХХК) хувь авдаг тухай ярьсан.

Тодруулбал, тэрбээр “МИК-ийн 2014-2018 он хоорондох санхүүгийн тайланг авч үзвэл 8 хувийн зээлийн хүүгээс 744 тэрбум төгрөгийн орлого олсон. Монгол банканд үүнээс 360 тэрбум төгрөгийг төлсөн байна. МИК өөрөө 260 тэрбум төгрөгийн хүүгийн цэвэр орлоготой ажилласан байдаг” гэсэн юм. Гэвч нөгөө талаас МИК түүний мэдэгдлийг үгүйсгэж, “Засгийн газрын хариуцлагатай албан тушаалтан олон нийтэд ташаа мэдээлэл хүргэж байгаад харамсаж байна” гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Үнэхээр шадар сайдын хэлсэн шиг МИК иргэдийн сар бүрийн төлбөрөөс хувь авч, өндөр ашигтай ажилладаг уу гэдгийг тус корпорацийн санхүүгийн тайлангаас харвал эргэлзээтэй.

Цар тахлын үед иргэдийн өрхийн орлогыг бууруулахгүй, хадгалах зорилгоор Засгийн газар хүү хуримтлуулахгүй ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах шийдвэрийг нийт таван удаа гаргасан байдаг.

Энэ хугацаанд МИК арилжааны банкуудтай хамтран нийт давхардсан тоогоор 182,594 өрхийн 9.4 их наяд төгрөгтэй тэнцэх зээлийг хойшлуулжээ. Үүний улмаас МИК сүүлийн хоёр жилд их хэмжээний алдагдал хүлээсэн байна.

Тодруулбал, тус ХХК-ийн 2021 оны санхүүгийн аудитлагдсан тайланд дурдсанаар жилийн үйл ажиллагааны цэвэр алдагдал 146 тэрбум, хуримтлагдсан алдагдал 6.6 тэрбумд хүрсэн байна. Хэдий алдагдал хүлээж байгаа ч МИК 2021 оныг дуустал Монголбанк, Сангийн яаманд купоны төлбөрийг хугацаанд нь төлж, хөтөлбөр тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг ханган ажиллажээ. Үүгээр ч зогсохгүй төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийг хүү хуримтлуулалгүйгээр хойшлуулснаар бонд эзэмшигчдийн төлбөрийг МИК нөөц сангаараа төлж, 2022 оны 3 сар хүртэл нийт 332 тэрбумын зардлыг гаргасан байна.

Шадар сайд мөн ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой талаар ярьсан. Гэвч ипотекийн зээлийн хүүг тогтооход МИК оролцдоггүй. Түүний энэхүү мэдэгдэл хэчнээн хариуцлагагүй байсныг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Монгол банкны удирдлагууд, зарим УИХ-ын гишүүн хэлж, салбарынхан шүүмжилсэн. Учир нь Монголын ипотекийн корпорацийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцвол нэгэнт бий болгосон санхүүгийн тогтолцоог нураах эрсдэлтэй бөгөөд үр дүнд нь иргэд орон сууцанд орж чадахгүй хүндрэлтэй нөхцөл байдалд хүрж болзошгүй юм. МИК-нь банк санхүүгийн салбарын олгосон ипотекийн зээлийг худалдаж авдаг. Зээл худалдаж авдаг зорилго нь орон сууц санхүүжилтийн тогтолцоон дээр иргэд ипотекийн зээлийг хүсэхэд санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгох. Ингэхдээ хоёр төрлийн худалдан авалт хийдэг байна. Үүнд:

  • Зээлийг буцаахгүй нөхцөлөөр худалдаж аваад багцалж ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг.
  • Буцаах нөхцөлтэй зээлийг худалдаж аваад бэлэн мөнгийг арилжааны банкны системд олгодог. Энэ эх үүсвэрээр банкууд цаашид ипотекийн зээл олгох боломжтой байдаг аж.

Мөн МИК үнэт цаасны хоёрдогч зах зээлд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага. Монгол Улсын хүн амыг орон сууцаар хангах хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлэхэд үнэт цаасны хоёрдогч зах зээлийн үйл ажиллагаагаар дэмжин оролцдог. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны бие даан олгосон ипотекийн зээлийг тухайн банкнаас худалдан авдаг бөгөөд үүгээр ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргадаг. Ингэснээр энэхүү хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлсэн цагаас тасралтгүй үргэлжлэх боломжийг бүрдүүлж, үр дүнд нь 100 орчим мянга айл өрх орон сууцтай болоод байгаа юм.