Элон Маск "хиймэл дагуулын интернетийн төсөл" болох "Старлинк"-ийн компаниа Монголд байгуулжээ

Элон Маск "хиймэл дагуулын интернетийн төсөл" болох "Старлинк"-ийн компаниа Монголд байгуулжээ

Дэлхийн алдартай бизнесмен, SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Элон Маскын "Дэлхий даяар интернэтийн сүлжээнд хувьсгал авч ирнэ" гэж буй Старлинк компанийнхаа "салбар" Монголд нээгдэж байж магадгүй байна.

Учир нь, энэ оны гуравдугаар сарын 21 /2022.03.21/-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлд “Старлинк сервисес монголиа” гэх оноосон нэртэй "Мэдээллийн технологийн үйл ажиллагаа, Бизнесийн зөвлөгөө өгөх" гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй "гадаадын хөрөнгө оруулалттай"  компани /ХХК/ бүртгүүлсэн байна.

Мөн тус компанийн хувьцаа эзэмшигчээр Нидерландын Хаант Улсын харьяат “Starlink Holdings Netherlands B.V.” гэх байгууллага бүртгүүлсэн бол, гүйцэтгэх захирлаар АНУ-ын иргэн  Lauren Ashley гэх иргэн бүртгүүлжээ. 

Мөн хамгийн сонирхолтой нь, “Старлинк сервисес монголиа” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр Дэлхийн тэрбумтан Элон Маск /Elon Reeven/ бүргүүлжээ. Тодруулбал, эцсийн өмчлөгчөөр  “Starlink Holdings Netherlands B.V.” “Starlink Satellite Services Corp”, “Space Exploration Technologies Corp” “Иргэн        Musk Elon Reeve” гэсэн байна.

“Старлинк сервисес монголиа” ХХК-ийн УБЕГ-ын мэдээлэл

Энэ талаар Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газрын дарга асан н.Балгансүрэн өөрийн твиттер хуудастаа, "SpaceX, Монголд тавтай морил! Элон Маскын SpaceX-ийн хиймэл дагуулын интернетийн төсөл болох Starlink нь 2022 оны 3 дугаар сарын 21-нд Монголд компаниа бүртгүүлжээ" хэмээн жиргэжээ. 

Сонирхуулахад, Старлинк /Starlink/ хэмээн нэрлэгддэг энэхүү төсөл нь амжилттай хэрэгжсэнээр Дэлхийн бөмбөрцгийн хаанаас ч хүмүүс одоо хэрэглэж байгаагаасаа хавьгүй хурдан интернэтийг сансрын холбоогоор дамжуулан хэрэглэх боломжтой болох юм. Үүний тулд тус компани дэлхийгээс 550 км-ын зай дахь тойрог замд 1600 хиймэл дагуул, 1150 км-ын зайд 2800, 340 км-ын зайтай нам орбитод 7,500 хиймэл дагуулыг тус тус хөөргөхөөр төлөвлөсөн гэдэг. Нийтдээ 12 мянган хиймэл дагуул хөөргөх энэхүү төсөл нь хэдий хэр хугацаанд биеллээ олох нь тодорхойгүй байгаа ч 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа гэдэг.