Австралийн “TМК Energy” компани Өмнөговьд хийж буй метан хийн хайгуулын эхний өрөмдлөгийг амжилттай дуусгасан гэж мэдэгдлээ

Австралийн “TМК Energy” компани Өмнөговьд хийж буй метан хийн хайгуулын эхний өрөмдлөгийг амжилттай дуусгасан гэж мэдэгдлээ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “TМК Energy” компани өнгөрсөн гуравдугаар сард Өмнөговийн сав газар болох “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуулын төслийнхөө өрөмдлөгийн ажлыг эхлүүлэхээ мэдэгдээд байсан билээ.

Тэгвэл тус компанийн удирдлагууд нэгдүгээр цооногийн өрөмдлөг, туршилтын ажлаа амжилттай дуусгасан гэж мэдэгдлээ. “Ирвэс-1” гэж нэрлэсэн эхний цооногийг нийт 675 м гүн хүртэл өрөмдөж, гаргасан байна.  

Одоо өрөмдсөн талбайг нөхөн сэргээх ажил явагдаж байгаа аж. Нөхөн сэргээх ажил дуусмагц ирэх долоо хоногт “Ирвэс-1” байршлаас 5 км зайд хоёр дахь өрөмдлөгийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд нийт дөрвөн цооногийн өрөмдлөг хийх бөгөөд уг ажилд 1.5 сая ам.долларын санхүүжилт хуваарилжээ.

Тус компанийн төслийн талбай Монгол Улс болон БНХАУ-ын хилээс 20 км-ийн зайтай, 8400 км квадрат талбайг хамардаг. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын нутагт байрлах “Гурвантэс XXXV” талбайд нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийхээр төлөвлөж байгаа юм. Метан хий олборлосноор Монгол Улсад өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлтийг хангах чухал эх үүсвэр болно гэж “ТMK Energy” компанийн Гүйцэтгэх захирал онцолжээ.

Эх сурвалж: Naturalgasworld