С.Алтанцэцэг: Хотын захад амьдардаг хүүхдүүд тэр болгон дугуйланд явж чаддаггүй. Тиймээс хотын төвөөс Драгон руу дугуйлангаа нүүлгэсэн

С.Алтанцэцэг: Хотын захад амьдардаг хүүхдүүд тэр болгон дугуйланд явж чаддаггүй. Тиймээс хотын төвөөс Драгон руу дугуйлангаа нүүлгэсэн

Isee.mn сайт “Social ID” булангийнхаа энэ удаагийн дугаарт өөрийн хүсэл мөрөөдлөө даган хотын захад “Yalguun Special School” хэмээх дугуйлан нээгээд буй С.Алтанцэцэгийг урьж, оролцууллаа. Тэрбээр эхэндээ хотын төвд дугуйлангаа нээжээ. Гэвч хотын захад амьдардаг хүүхдүүд өөрсдийгөө хөгжүүлэх дугуйлан, секцэд тэр болгон  хамрагдаж чаддаггүйг анзаарч, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд өөрийн “Yalguun Special School” дугуйлангаа нээсэн байна. Түүнийг зарим хүн “Адтай жаалууд” киноны Ялгууны дүрээр андахгүй биз ээ.

ВИДЕО: 

 

“ДУГУЙЛАНД МААНЬ ЗӨВХӨН ЭРГЭН ТОЙРНЫ ГЭЛТГҮЙ БАЯНХОШУУНААС ХҮРТЭЛ ХҮҮХДҮҮД ИРЖ БАЙГАА-

-Сайн байна уу. Таныг хүмүүс “Адтай жаалууд” киноны Ялгууны дүрээр сайн мэдэх байх. Тэгвэл С.Алтанцэцэг гэж хэн юм бэ. Хувь хүн талаас өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Саруултуяагийн Алтанцэцэг гэдэг. СУИС-ийг н.Батнайрамдал, н.Амгаланбаатар багшийн удирдлага дор хөгжим, театр, жүжигчний ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд одоо хүсэл, мөрөөдөл, хоббигоороо хүүхдийн дугуйлан ажиллуулаад явж байна.

-Дугуйлангаа нээгээд хэр удаж байна. Яагаад хүүхдийн дугуйлан нээхээр болсон юм бэ?

-Энэ бол миний багын мөрөөдөл. Бага байхаасаа л янз бүрийн дугуйлан, секцэд явж өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг хүүхэд байлаа. Ээж маань ч гэсэн төрөл бүрийн тэмцээн, уралдаанд алгасахгүй оруулна. Энэ бүхнээс том болоод хүүхдийн хөгжилд чиглэсэн өөрийн дугуйлангаа нээе гэсэн мөрөөдөлтэй болсон юм. Ингээд л хүсэл, мөрөөдлийнхөө дагуу “Yalguun Special School” дугуйлангаа өнгөрсөн гуравдугаар сард нээсэн дээ.

-Дугуйлангаа анх хотын төвд нээсэн гэж байсан. Яагаад энд ирсэн юм бэ?

-Хотын төвд гурав, дөрвөн сарын турш дугуйлангаа ажиллуулсан юм. Ийшээ ирсэн шалтгаан нь манай энэ хавийн хүүхдүүд төв рүүгээ очоод дугуйлан, секцэд явъя гэсэн хүсэл нь байвч хотын түгжрэлээс болоод тэр болгон чаддаггүй. Хичээлээ тараад дугуйландаа явъя гэж бодоход түгжирсээр байгаад очиход тарчихсан байдаг. Буцаад гэртээ ирэх гэсээр холын зайнд оройтчихдог. Энэ бүхнийг ажигласан учраас хүүхдүүдийн цагийг хэмнэж, хөгжүүлье гэж бодож энд дугуйлангаа нээсэн.

-Сургуулиа төгсөөд шинэ зүйл эхлүүлнэ гэдэг том зориг шүү дээ. Анх дугуйлангаа нээхэд хэчнээн хүүхэд хамрагдаж байв. Одоо хэд болсон байна вэ?  

-Үнэнийг хэлэхэд анх эхлэхдээ олон хүүхэд ирэхгүй байхдаа гэж дотроо битүүхэн айж байсан. Дугуйлангаа зарлачхаад маргааш нь хүүхдүүдээ хүлээж байтал 20, 30 хүүхэд ирсэн. Анхны өдөр шүү дээ. Одоо манайх ам бүл улам олуулаа болж, нийт 70 гаруй хүүхэд суралцаж байна. Зөвхөн эргэн тойрны хүүхдүүдээс гадна цар хүрээгээ тэлж Баянхошуугаас хүртэл хүүхдүүд ирж байгаа.

-ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ ЭРЧ ХҮЧЭЭ АВЧИХДАГ УЧРААС ГАНЦААРАА АЖИЛЛАХ НЬ НЭГ Ч УДАА ХЭЦҮҮ САНАГДАЖ БАЙГААГҮЙ-

-Дугуйланд бүжгийн хичээлээс гадна өөр хичээлүүд ч ордог гэж сонссон?

Тийм ээ. Зөвхөн бүжгийн хичээл ордоггүй. Манайх хүүхдүүдийг тал бүрээс нь задлах, хөгжүүлэх нээх зорилготой. Тийм ч учраас хэл ярианы, хөтлөгч, драмын хичээл, загварын алхаа гишгээ, гоо зүйн байдал, бүжиг гээд сарын хугацаанд тухайн хүүхэд маань нийт таван цогц хичээлийг авах бүрэн боломжтой болж байгаа юм. Манай хүүхдүүд ч “Бүх орчин нь бүрдчихсэн, тал бүрийн хичээл ордог дугуйлан манай энэ хавьд байдаггүй. Бид нарыг зориод ирсэнд баярлалаа багш аа” гэдэг. Хүүхдүүдийнхээ сэтгэлийн үгээр нь урамшиж, илүү их урт удаан хугацаанд ажиллая, цаашдаа хөдөлмөрлөөд олон салбар нээе гэсэн бодолтой байгаа.

-Энэ олон хичээлийг ганцаараа орж байгаа хэрэг үү?

-Хамгийн анх долоон хоногийн гурван өдөр таван багц хичээлээ өөрөө ордог байсан. Дууны дасгалыг нь хийлгээд, араас нь хөтлөгч, драмын хичээл орно, бүжгээ ч заана. Ингээд төгсгөлд нь сарын хугацаанд энэ хүүхэд юу сурсан бэ гэдгийг нь эцэг, эхэд нь харуулж тайлан тоглолт зохион байгуулдаг. Одоо хүүхдүүдийн маань тоо ч нэмэгдэж, цар хүрээ нь өргөжиж байгаа учраас мэргэжлийн бүжигчин багш аваад хамт ажиллаж байгаа. Гэхдээ хүүхдүүдээсээ эрч хүчээ авчихдаг учраас ганцаараа ажиллах нь нэг ч удаа хэцүү санагдаж байгаагүй. Хүүхдүүд маань цаг 30 минутын хичээл нь дуусчихсан байхад л багш аа, дараагийн цагийн хичээлд хамт суучихъя тэгэх үү гэдэг юм. Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг тасалдуулахгүйн тулд илүү сайн ажиллая гэж хичээдэг дээ.  

-Хүүхэдтэй ажиллах амаргүй шүү дээ. Мэдэхгүй зүйлс хэр тулгарч байна?

-Тийм шүү. Зөвхөн дуу, бүжиг гэлтгүй тухайн хүүхдийн хүмүүжил, гоо зүйн тал дээр ажиллах хэрэгтэй болдог. Заримдаа их сургуулийн багш нараасаа хүртэл асууна. Багшаа “ингэвэл яах уу, хүүхдүүдтэйгээ илүү ойр дотно, амьд харилцаа үүсгэхийн тулд системээ яаж өөрчлөх үү” гээд л асууж өгнө дөө.

-Дугуйлангийнхаа нэрийг “Yalguun Special School” гэж өгсөн байна. Киноны дүрээсээ санаа авсан хэрэг үү?

-Тийм ээ. Би Ялгуун гэдэг нэрэндээ маш их дуртай. Яагаад гэвэл зарим хүн намайг одоо хүртэл Ялгуунаар нь таньж мэддэг. Ялгуун гэдэг нэр миний амьдралд хамгийн том амжилт, аз, гайхалтай дурсамжийг авч ирсэн. Тийм учраас энэ дурсамжтай, гэгээлэг нэрээр дугуйлангаа нэрлэсэн юм. Шавь нартайгаа ажиллахад эргээд миний хүүхэд нас бодогддог. Бага байхад хичээлээ тарлаа л бол найз нөхөдтэйгөө бүжиг, дуугаа давтана. Авсан дүрүүдээ бие биедээ ярьж өгөөд, нэг бүрчлэн дэвтэр дээр бичиж авдаг байсан. Яг тэр хүүхэд нас маань шавь нарыгаа харахаар санаанд ордог.

-Оюутны ширээнээс салаад шууд том ажил эхлүүлэх амаргүй байсан байх. Хэцүү, шантрах үе хэр тохиож байв?

-Анх үнэхээр хэцүү байсан. Больчихдог юм билүү гээд шантрах үе ч байсан. Сая хэлсэнчлэн анх олон хүүхэд ирэх болов уу гэсэн айдастай байсан. Тэгсэн ч гэсэн илүү олон хүүхдийг хамруулсан, чөлөөтэй хичээллэж болох том нэлээн их хайсан. Заал маань одоогийнх шиг байгаагүй. Хов, хоосон өрөө л байсан. Энэ орон зайг бага багаар зассаар өнөөг хүрсэн дээ. Замаасаа больдог юм уу гэж бодсон ч шавь нар маань, ээж маань хүч нэмж өгдөг.

-Таны хүүхдүүдийн мөрөөдлийн тухай нэлээн ярилаа. Таны өөрийн мөрөөдөл юу вэ?

-Би хөгжим, театр жүжигчний ангийг төгссөн. Мэргэжлээрээ найз нөхөдтэйгөө хамтран уран бүтээл хийе, том продакшн байгуулъя гэсэн том зорилго, мөрөөдлийг тээж явдаг. Мэдээж дугуйлангаа тогтвортой ажиллуулсаар байх болно. Би өөрөө хөгжихийн хэрээр сурч, мэдсэн зүйлээ бусдад түгээе гэж боддог юм. Тийм учраас дугуйлангаа хэзээ ч орхихгүй.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.




Улаанбаатарт 28 градус дулаан байна

21 цагийн өмнө

Шуурхай мэдээ