СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завинаас унаж голд живсэн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Завинаас унаж голд живсэн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Булган аймаг, Тэшиг сум. Далан багийн “Эмээлчир” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 250 км, сумын төвөөс баруун урд зүгт 10 км/-т 11 хүн зугаалж явснаас нэг хүн голын усанд завинаас унаж живсэн тухай дуудлагыг 05.22-ны өдрийн 16:22 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Тэшиг сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд, ар гэрийнхний хамт 05.24-ний өдрийн 07:00 цагаас Орхон аймгийн харьяат Ц/36 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг Тэшиг сумын Далан багийн “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Сайдын тохой” гэдэг газар хүртэл 50 км завиар урсаж, дөрвөн метрийн гүнд дөрвөн удаа шумбалт хийж, голын эрэг тохойгоор “Эмээлчир” гэдэг газраас зүүн урд зүгт  “Бүтээлийн нуруу” гэдэг газар хүртэл явганаар 10 км эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:30 цагт түр зогсоосон байна.

Таван сарын 25-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа юм. Хүч нэмэгдүүлэн ажиллахаар Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид таван сарын 24-ний өдрийн 10:40 цагт гарч 200 км зам туулан 15:30 цагт очсон байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.