2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дөрвөн улирал хичээллэх бөгөөд бие даалтын хоёр долоо хоногтой байна. Харин ахлах ангийн сурагчид цахим сургалтын нэг долоо хоногт хамрагдана.
Тодруулбал, нэгдүгээр улирлын амралтаар нийслэл болон орон нутгийн сурагчид арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд амарч, арваннэгдүгээр сарын 9-ний Даваа гарагт хоёрдугаар улирлын хичээлдээ орно.
Харин хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 28-наас эхэлж, гурван долоо хоног үргэлжилнэ. Нийслэлийн сурагчдын бие даалтын долоо хоногийг өвлийн амралтын өмнө буюу арванхоёрдугаар сарын 21-25-нд товлосон байна. Улмаар сурагчид 2027 оны нэгдүгээр сарын 18-наас гуравдугаар улирлын хичээлдээ орно. Гуравдугаар улирлын амралтын тухайд, нийслэлийн сурагчид гуравдугаар сарын 22-ноос 26-ныг дуустал амарч, гуравдугаар сарын 29-нөөс хичээллэнэ. Харин орон нутгийн сурагчид гуравдугаар сарын 22-26-нд бие даалтын долоо хоногт хамрагдаж, дараагийн долоо хоногт амарсны дараа дөрөвдүгээр сарын 5-наас хичээлдээ орно.