Өнгөрсөн тавдугаар сард БНСУ-ын Засгийн газар Яньян (Yangyang) олон улсын нисэх буудлаар Канвон мужид ирэх Монгол, Вьетнам, Филиппин, Индонез улсын тав буюу түүнээс дээш тоотой бүлэг жуулчинд визгүй зорчих эрх олгохоор болсон тухай зарласан билээ. Гэвч уг шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байсан.
Тэгвэл тус улсын Хууль зүйн яамнаас дөрвөн орны бүлэг жуулчинд визгүй зорчих системийг ирэх сараас эхлэн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэвтрүүлэх болсноо албан ёсоор зарлалаа.
Ингэхдээ Вьетнам, Индонез, Филиппин улсуудын жуулчид зургадугаар сарын 1-нээс манай Монгол улсын иргэд аравдугаар сарын 1-нээс визгүй зорчих аж. Яньян нь БНСУ-ын зүүн хойд Канвон мужийн Яньян дүүрэгт оршдог нисэх буудал юм.
2018 оны нэгдүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Вьетнам, Филиппин, Индонез улсын иргэд тус мужид визгүй зорчдог байсан. Харин энэ удаад 2023 онд Канвон мужид болох олон улсын хэмжээний томоохон арга хэмжээнүүдийн үеэр жуулчдыг татах зорилгоор визгүй зорчдог системийг эргэн сэргээж, Монгол улсыг шинээр оруулсан байна.
Визгүй зорчих иргэд гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газраас томилсон аялал жуулчлалын агентлагаар дамжуулан явах бөгөөд коронавирусийн эсрэг вакцины хоёр тунд хамрагдсан байх ёстой. Тус мужид очсоны дараа тусгай зориулалтын хөтчийн удирдлага дор 15 хоногийн турш аялах боломжтой. Визгүй зорчих системийг 2023 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжүүлнэ хэмээн албаныхан мэдээлжээ. Гэхдээ үр дүнгээс хамаарч дахин нэг жилээр сунгах эсэхийг шийдэх аж.Мэдээллийг эх сурвалжаас ЭНД ДАРЖ үзнэ үү.
Эх сурвалж: Сhosun