Д.Нацагдорж: Энэ жилийн Playtimе наадамд нийт 60 мянган хүн ирэх төлөвтэй байна

Д.Нацагдорж: Энэ жилийн Playtimе наадамд нийт 60 мянган хүн ирэх төлөвтэй байна

"Playtime-2022" наадам 20 дахь удаагаа болох талаар зохион байгуулагчид өнөөдөр /2022.05.31/ хэвлэлийн хурал хийлээ. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас завсарласан "Playtime" наадам энэ оны долдугаар сарын 7-11 /2022.07.07-11/-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болох юм. 

Энэ жилийн Playtimе-д нийт 150 хамтлаг, уран бүтээлч 15 тайзнаас өөрсдийн дуу хөгжмийг хүргэнэ гэдгийг "Playtime festival" үүсгэн байгуулагч, захирал Д.Нацагдорж мэдээллээ. "Playtime" наадмын үеэр 2,500 гаруй ажлын байр бий болно. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү наадамд нийт 60 мянган хүн ирэх төлөвтэй байгаа аж.

Энэ талаар Д.Нацагдорж, "Playtime наадамд энэ жил хөгжмийн хөтөлбөрөөс гадна хөгжмийн бус хөтөлбөрүүдийг ч төлөвлөж байна. Мөн Япон, Франц, ОХУ-ын томоохон хамтлаг, уран бүтээлчид ирж оролцох бөгөөд дэлхийн хэмжээний од, Францын техно DJ ирэх юм. Наадмын өдрүүдэд гадаадын нийт зургаан DJ урилгаар ирж, тайзнаа гарна. "Playtime" наадам бол Монгол Улсын, тэр дундаа Улаанбаатар хотын соёлын бүтээлч үйлсэд томоохон хувь нэмэр оруулдаг арга хэмжээ.

Тухайлбал, энэ жил наадмын үеэр 2,500 гаруй ажлын байр бий болж байгаа. Энэ нь Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжилд ч томоохон хувь нэмэр оруулна гэж харж байна. Мөн нийслэл хотын залуусын хөгжмийн боловсролд ач холбогдол өгдөг "Playtime" энэ жилээс "ногоон наадам" болж байгааг онцолж байна" хэмээн ярилаа. Олныг хамруулсан аливаа томоохон арга хэмжээ, хөгжмийн наадмын үеэр асар их хэмжээний хог хаягдал гардаг сул тал бий. Тэгвэл "Playtime" наадмыг зохион байгуулагчид энэ жилээс хог хаягдлыг багасах зорилтыг баримталж, байгальд ээлтэй байх тал дээр маш олон төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

"Playtime наадам залуусыг байгаль орчинд ээлтэй байж, хог хаягдлаа багасгахад уриална"

Энэ тухай "Рио тинто" компанийн Мэдээлэл харилцаа, брэнд менежмент хариуцсан ахлах зөвлөх З.Болор, “Riotinto компани "Playtime" наадмын ногоон, тогтвортой хөгжлийн түншээр  “Байгальдаа хайр зарлая” уриатайгаар оролцож байгаа. Байгальтайгаа зохицож амьдрах нь монголчууд бидний өв соёл, үнэт зүйл, ахуй амьдралын салшгүй нэг хэсэг. Riotinto компанийн хувьд, наадамд оролцогчдыг байгаль орчиндоо санаа тавьж, хайрлаж хамгаалахыг уриалахаас гадна ахуй амьдралдаа хог хаягдал багатай, ухаалаг, байгальдаа ээлтэй ногоон хэрэглээг чухалчлах зөв дадал хэвшилд шилжих ач холбогдлыг сурталчилж, хамтран ажиллана” гэв.

"Үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэн Монгол шилтгээний зүлгийг усална"

"MCS Coca- Colа компанийн Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ, “Манай компани байгальд ээлтэй бизнес эрхлэх бодлого хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд 2030 онд гэхэд борлуулсан бүх ундааны саваа дахин боловсруулах том зорилтыг тавьсан байна. Бидний ногоон хөгжлийн бодлоготой "Playtime" наадам үзэл баримтлалаараа нийцэж байгаа учраас бид тус наадмын стратегийн түншээр энэ жилээс хамтран ажиллахаар болсон. Наадмын өдрүүдэд Real magic хөгжмийн асар тайзад 80 хувийг нь дахин ашиглах боломжтой эд зүйлийг авах бөгөөд хуванцрын хог хаягдлыг буруулах зорилгоор залууст хогоо ангилан хаях талаар уриалсан ажлуудыг хэрэгжүүлнэ. Мөн манай компани үйлдвэрийн хаягдал усаа цэвэршүүлэн ашигладаг. Тиймээс наадмын хугацаанд тухайн цэвэршүүлсэн усаар Монгол шилтгээний гадна талбай буюу зүлэгжүүлэлтийг услах ажлуудыг хэрэгжүүлэх юм” гэв.

"Наадмын үеэр дижитал төлбөр тооцооны сувгийг ашиглан цаасны хэрэглээг бууруулна"

Хаан Банк Ахлах мэргэжилтэн Б.Золбоот, “2017 оноос хойш Хаан Банк "Playtime" наадамтай хамтран ажиллаж, төлбөр тооцоог хялбараар шийдэхээр ажиллаж буй. Энэ жил тус наадам тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах, ногоон эдийн засгийг бий болгох зорилго нь манай банкны эрхэм зорилго, алсын хараанд тохирч байгаа бөгөөд наадмын  үеэр бид дижитал төлбөр тооцооны сувгаараа дамжуулан цаасны хэрэглээг бууруулах боломжийг бий болгохоор ажиллаж байна” гэв.

"Наадмын үеэр CU сүлжээ дэлгүүрийн таван шинэ салбар 24 цагаар ажиллана"

“Сэнтрал Экспресс Си ВИ Эс” ХК Маркетингийн газрын захирал Г.Батбаатар, “Манай компани CU брэндийг Монголд оруулж ирээд дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. CU брэндийн үнэт зүйл нь хурдан найрсаг, найдвартай үйлчилгээг цаг тухайд нь хүргэхийг хичээн ажиллах бөгөөд "Playtime" наадмын үеэр ч ийм цогц үйлчилгээг оролцогч залууст хүргэнэ. Энэ хүрээнд "Playtime"-ийн өдрүүдэд CU сүлжээ дэлгүүрийн таван салбарыг шинээр нээж, 24 цагийн үйлчилгээ үзүүлнэ. Түүнээс гадна бид наадмын үеэр өөрийн асрыг тохижуулж,  наадмыг зорин очиж буй залууст зориулсан тусгай хөтөлбөрүүдийг хийхээр бэлтгэж байна” гэлээ.

"Playtime оролцох хүмүүс Shoppy.mn -ээс тасалбараа захиалах эсвэл өмнө нь авсан тасалбараа солиулах боломжтой"

Shoppy-гийн гүйцэтгэх захирал Ш.Батзул, “Энэ жил Intelmind групп Playtime наадмын стратегийн түншлэл байгууллагаар оролцож байгаа. Мөн тус группийн Шоппи компанийн хувьд энэхүү наадамтай хамтран ажиллаад зургаан жил болж буй. Playtime оролцох хүмүүс Shoppy.mn -ээс тасалбараа захиалан авах боломжийг бид бүрдүүлсэн. Цар тахлын үеэр Playtime наадам болох гэж байгаад хойшлогдож байв. Үүнтэй холбоотойгоор тухайн үед авсан хүмүүсийн тасалбарыг 2022 оны наадмын шинэ тасалбараар шууд солиулах боломжийг олгосон. Хуучин тасалбар авсан хүмүүсийн 80 гаруй хувь нь шинээр солиулсан. Харин үлдсэн 20 хувьд багтаж буй хүмүүс зургаадугаар сарыг дуустал тасалбараа солиулах боломжтой” гэв. Playtime  наадмын зохион байгуулалтыг бүтэн жилийн хугацаанд бэлддэг бөгөөд асар их хэмжээний зардал төсвийн 50 хувийг ивээн тэтгэгчдийнхээ санхүүжилтээр нөхдөг гэдгийг зохион байгуулагчид онцлон хэллээ.

"Үндэсний их баяр наадмын өдрүүдийг залуус Central телевизээр Playtime наадмыг үзэж өнгөрөөх боломжтой”

Central телевизийн захирал Г.Анхбаяр, “Playtime бол залуусын хувьд баяр наадам шиг жилийн турш хүлээж байдаг маш том соёлын нөлөөллийн үйл ажиллагаа. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд бүх телевиз наадмын талаар гаргадаг шиг Central телевиз Playtime наадмын үеэрх тоглолтуудаар контент бэлтгэн дамжуулах юм. Өөрөөр хэлбэл, үндэсний баяр наадмын өдрүүдээр залуус Central  телевизээр Playtime наадмын талаар үзэх өнгөрөөх боломжтой” гэв.