Т.Нандин-Эрдэнэ: Бичлэгийг маань үзээд сайхан сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн үгээс маш их урам авсан /ВИДЕО/

Т.Нандин-Эрдэнэ: Бичлэгийг маань үзээд сайхан сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн үгээс маш их урам авсан /ВИДЕО/

Өнөөдөр /2022.06.01/ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр эх орны ирээдүй, хайрын эзэд болсон хүүхдүүдээ томчууд бид бэлэг авч өгөн, паркад тоглуулж, дуртай хүүхэлдэйн киног нь үзүүлэх гэх мэтээр баярлуулдаг. Гэвч бэлэг авч өгөөд, нэгхэн өдөр баярлуулаад өнгөрөхөөс илүүтэй өдөр бүр эрхийг нь хамгаалж, хүүхэд бүр тэгш эрхтэй гэдгийг ойлгуулах нь энэ баярын утга учир болов уу.

Isee.mn сайт “Social ID” булангийнхаа Хүүхдийн баярын дугаарт 29-р тусгай сургуулийн 12-р ангийн сурагч Т.Нандин-Эрдэнийг урьж оролцууллаа. Т.Нандин-Эрдэнэ сонсголын бэрхшээлтэй ч “Хурд” хамтлагийн “Буцааж нэхэхгүй хайр” дууг дохионы хэлээр өөрийн дотоод сэтгэл, мэдрэмжээрээ илэрхийлэн олон мянган хүний зүрхэнд хүргэж чадсан юм.

ВИДЕО: 

-“БУЦААЖ НЭХЭХГҮЙ ХАЙР” ДУУГААР ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭХИЙГ ХҮССЭН-

Т.Нандин-Эрдэнэ

-Сайн уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

-Сайн байцгаана уу. Намайг Т.Нандин-Эрдэнэ гэдэг. Би 18 настай. Удахгүй 12-р ангиа төгсөх гэж байгаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтдаа хэр бэлдэж байна. Ямар, ямар хичээлээр шалгалт өгөх гэж байна?

-Шалгалтдаа шөнө, орой хүртэл сууж бэлдэж байгаа. Монгол хэл, математик, англи хэл, нийгмийн ухаан гэсэн хичээлүүдээр шалгалт өгнө.

-Ямар мэргэжлээр аль сургуульд оръё гэж бодож байна?

-Би хуульч мэргэжилтэй болохыг хүсдэг. Гэхдээ орох сургуулиа яг, таг сонгоогүй л байна.  

-Яагаад хуульч мэргэжилтэй болохоор шийдсэн юм бэ?

-Ээж маань хуулийн байгууллагад ажилладаг. Ээжээсээ үлгэр жишээ аваад, мөн өөрийнхөө сонирхлоор хуульч болохоор шийдсэн.

-“Хурд” хамтлагийн “Буцааж нэхэхгүй хайр” дууг дохионы хэлээр олон мянган хүний зүрх, сэтгэлд нь хүргэж чадсан шүү дээ. Бичлэг тань маш олон хүнд хүрснийг хараад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Хүмүүсийн зүрх, сэтгэлд хүргэж чадсандаа маш их баяртай байгаа. Хүмүүсийн хэлсэн үг, сайхан сэтгэгдлүүдийг хараад маш их урам зориг авсан. Мөн ээжийгээ баярлуулж чадсандаа их баяртай байгаа. Ээж маань бичлэг үзээд “Миний охин маш мундаг шүү” гэж хэлсэн. “Буцааж нэхэхгүй хайр” дуугаар ээждээ хайртай гэдгээ илэрхийлэхийг хүссэн юм.

-Өмнө нь дууг дохионы хэлээр үзүүлж байсан уу?

-Коронавирус гарахаас өмнө сургуулийнхаа урлагийн наадамд ангиа төлөөлж ордог байсан. Цар тахал гарснаас хойш хоёр жилийн турш дохиотой дуулаагүй ээ.

-ДУУЧНЫ НҮҮРНИЙ ХУВИРАЛ БИЕИЙН ХЭЛЭМЖЭЭР НЬ ДАМЖУУЛЖ ДУУГ ИЛҮҮ МЭДРЭЭД, ДОТООД СЭТГЭЛЭЭРЭЭ ИЛЭРХИЙЛДЭГ-

Т.Нандин-Эрдэнэ

-Нандиа аяыг нь сонсохгүй байгаа ч гэсэн дохионы хэлээр тухайн дуунаас авч буй мэдрэмжээ илэрхийлдэг. Чухам дууг яаж мэдэрдэг юм бэ?

-Миний хувьд тухайн дуучны нүүрний хувирал, биеийн хэлэмжээр нь дамжуулж дууг илүү мэдэрдэг. Тэгээд л өөрийн дотоод сэтгэлээрээ илэрхийлэн гаргадаг.

-Өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр шүү дээ. Чиний хувьд Хүүхдийн баярын хамгийн гоё зүйл нь юу вэ?

-Бэлэг авах хамгийн гоё байдаг/инээв/.

-Сонсголын бэрхшээлээсээ болоод олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийгмийн харилцаанд ороход бэрхшээлтэй зүйл тулгардаг уу?

-Тийм ч их бэрхшээл тулгардаггүй ээ. Гэхдээ л байгаа. Тухайлбал, сургуулиасаа гараад гадуур явахад хүмүүс намайг сонсголтой мэтээр харьцдаг. Би сонсголын бэрхшээлтэй хүн шүү дээ. Бас хүмүүс дохион хэл мэдэхгүй бол гар утсан дээрээ бичих гэх мэтээр л ойлголцож, харилцдаг.

-Чиний мөрөөдөл юу вэ. 10 жилийн дараах Нандин-Эрдэнэ ямар эмэгтэй болсон байх бол оо?

-Би ахлах сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу сурч, ажилдаа амжилт гаргах болно. Үүний дараа магадгүй гэр бүл зохиож ээж болсон байх болов уу гэж бодож байна/инээв/.

-Хэнээс хамгийн их үлгэр дууриал авдаг вэ?

-Ээж, найзуудаасаа хамгийн их үлгэр дууриал авдаг. Мөн Хурд хамтлагийн Отгонбаяр ахаас их үлгэр жишээ авдаг. Уран бүтээлдээ чин сэтгэлээ зориулж чаддаг юм шиг санагддаг.

-Удахгүй ЭЕШ өгөх гэж байгаа үе тэнгийн хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Сонсголгүй ч бай, сонсголтой ч бай хүүхэд бүр адил, тэгш эрхтэй. Чи сонсголгүй, чи сонсголтой гэж ялгаварлан гадуурхахгүйгээр, бүгд тэгш эрхтэй байя. Тийм болохоор хүүхэд бүр ЭЕШ-аа амжилттай өгөөд, хүссэн сургуульдаа ороорой гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.