БИДНИЙ ТУХАЙ: Сингапурын “The Straits Times” сонин Монголын Засгийн газрын залуу гишүүн хэмээн Б.Болор-Эрдэнийг онцолжээ

БИДНИЙ ТУХАЙ: Сингапурын “The Straits Times” сонин Монголын Засгийн газрын залуу гишүүн хэмээн Б.Болор-Эрдэнийг онцолжээ

Дэлхийн хэмжээнд танигдсан Сингапурын “The Straits Times” өдөр тутмын сонинд Монгол Улсын цахим хөгжил, өнөөгийн байдал хийгээд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг онцолжээ.

Тус нийтлэлд:  

“Asia TechxSingapore” технологийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрын хамгийн залуу гишүүн, 29 настай хатагтай Б.Болор-Эрдэнэ “The Straits Times” сонинд ярилцлага өглөө. Тэрбээр 2020 оны долдугаар сард Монгол Улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар томилогдсон. Үүний дараа энэ оны нэгдүгээр сард Монголын Цахим хөгжил, харилцаа холбоо хэмээх шинэ яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон юм. Монголын тал хөдөө нутагт төрж өссөн Б.Болор-Эрдэнэ Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, НҮБ-д ажиллаж байсан туршлагатай. Өнгөрсөн жил “Forbes” сэтгүүл түүнийг “30 under 30 Asia 2021” жагсаалтад оруулжээ.

Мөн тавдугаар сард “Time” сэтгүүл түүнийг 2022 оны дараагийн үеийн манлайлагчдын нэгээр нэрлэсэн нь илүү сайн ертөнцийг бүтээхээр ажиллаж буй залуу үеийнхэнд урам, зориг өгсөн юм.

Б.Болор-Эрдэнэ Монгол Улс, дэлхий даяар тэр дундаа Ази тивд төр, засгийн удирдах албан тушаалтнууд дахь эмэгтэйчүүдийн эсрэг өрөөсгөл хандлага байдаг талаар онцлов. Түүнээс өөртөө итгэлгүй байдлаас хэрхэн ангижрах вэ гэж асуухад "Эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд эрэгтэйчүүдээс хамаагүй илүү хөдөлмөрлөх хэрэгтэй болдог. Хамгийн гол нь өөрийнхөө төлөө зоригтой байх хэрэгтэй" гэв. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын цахим хөгжлийн талаар ярив. Тэрбээр “Монгол бол ардчилсан улс. Цахимжсан ертөнцөд бид иргэдэд өөрийн мэдээллээ эзэмших, хамгийн чухал нь мэдээллээ хянах эрхийг олгох зорилготой ажиллаж байна. Бид иргэддээ янз бүрийн платформд бүртгүүлэхдээ аюулгүй байдалдаа хамгийн түрүүнд анхаардаг соёлыг төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч байна” гэв.

Монгол Улс саяхан хувийн мэдээллийг нь төрийн байгууллага ашиглавал тухайн иргэнд мэдэгдэл ирдэг шинэчлэлтийг хийсэн. Жишээлбэл, эмч эрүүл мэндийн бүртгэлийг нь шалгавал тухайн өвчтөнд энэ талаарх мэдэгдэл “E-mongolia” аппликейшнээр дамжин очих юм. Энэ нь дэлхийн олон орон, тэр дундаа Сингапурт байдаггүй систем. 2020 оны аравдугаар сард тус улс төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр иргэдэд хүргэх зорилгоор Цахим Монгол платформыг нэвтрүүлсэн. Анх 180 орчим төрийн үйлчилгээг цахимжуулсан бол одоо энэ тоо 650 гаруй болж өсжээ.

Эх сурвалж: Strait Times