Н.Идэрмөнх: Монгол залуус авьяаслаг учраас хичээж л чадвал Солонгос улсад амжилт гаргаж чадна /ВИДЕО/

Н.Идэрмөнх: Монгол залуус авьяаслаг учраас хичээж л чадвал Солонгос улсад амжилт гаргаж чадна /ВИДЕО/

Гаднын оронд сурч, хөдөлмөрлөж, амьдарч буй Монгол залуус өөрийн авьяас чадвараараа аль хэдийнээ гаднынхныг гайхшруулж тухайн улсдаа алдартай том шоунуудад оролцон Монголынхоо нэр хүндийг өндөрт өргөсөөр байгаа билээ. Тэгвэл үүний нэг жишээ БНСУ-д сурч амьдраад 12 жилийн нүүрийг үзсэн Н.Идэрмөнхийг бид Isee.mn сайтын сошиал ID булангийн энэ удаагийн дугаарт онцоллоо.

ВИДЕО:

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Үзэгч уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Ням-Очирын Идэрмөнх гэдэг. Солонгос улсад сурч, ажиллаж, амьдраад 12 жилийн нүүрийг үзсэн байна.

-Таны хувьд жилийн өмнө БНСУ-ын "Topgoal Rhapsody" тэмцээнд оролцож тухайн үед дуулсан “Чиний төлөө” дуу нэлээдгүй хандалтыг авч чадсан шүү дээ. Тэрнээс яриагаа эхэлье.

-Тийм ээ. БНСУ-ын E channel телевизээс зохион байгуулсан гадаад уран бүтээлчдийн дунд өөрсдийнхөө к поп дууг сурталчлах зорилгоор эхний бадгийг Солонгос хэлээр, хоёрдугаар бадгийг өөрсдийнхөө орны хэлээр дуулж өрсөлдөх тэмцээн байсан. Тэр тэмцээнд Монголчуудыгаа төлөөлж оролцоод тав дахь дугаарын ялагч нь болж байлаа.

-Монголчууд хаана ч очсон дуудлага сайтай гэгддэг шүү дээ. Таныг тухайн үед Солонгос хүн шиг харагдаж байна, Солонгос хүн байна шүү дээ гэх сэтгэгдэл их авсан байсан. Ер нь Монголчууд орж байна гэсэн үүднээс хүмүүсийн хандлага ямар байв?

-Тэгэлгүй яахав. Манай Монголчууд дуудлага сайтай. Би тухайн үед бас тэгээд таарчихсан уу. Сайн дуудлагатай гэж магтуулсан. Одоо харин гаднах байдал, биеэ авч яваа байдал маань Солонгос хүн шиг байна гэх үгийг өдөр тутамдаа их сонсож байгаа. Мэдээж 10 гаруй жил амьдарчихсан учраас аялга зэрэгт өөрчлөлт орсон байх.

-Тэр тэмцээнд орсны дараа хамтран уран бүтээл хийх санал авсан уу? Ямар нэг агентлагт харьяалагддаг уу?

-2022 оны эхээр SOOM энтертайментд харьяалагдаж эхэлсэн. Таван жилийн гэрээ хийсэн байгаа.

-Удахгүй анхны бие даасан тоглолтоо гаднын улсад хийх гэж байгаа гэсэн. Тоглолтын талаараа хуваалцахгүй юу?

-Энэ зургадугаар сарын 05-ны өдөр БНСУ-д анхны бие даасан тоглолтоо хийх гээд маш догдлолтой хүлээж байна. Энэ улсад сурч төгсөөд ажиллаж амьдардаг бүтээлчдээс магадгүй хамгийн анх удаагаа бие даасан тоглолтыг хийх гэж байгаагаараа онцлогтой болж байх шиг байна.

Маш олон уралдаан тэмцээнд оролцож байлаа. Ингээд харахад маш их ахиц дэвшил гарсан санагдаж байна. Уран бүтээлийн тоглолт гэдэг бол тайз, дэлгэц, тоглолтын найруулга,  бүх юм цогцоороо байж маш гоё тоглолт болдог гэж боддог учраас хичээж ажиллаж байгаа.

-Гаднын улсад тоглолт хийнэ гэдэг бол манай улсын уран бүтээлчдэд маш том эрсдэл гэж харж байна. Таны хувьд гарч буй хүндрэлтэй асуудлуудаас хуваалцвал?

-Хүндрэлтэй асуудал гэвэл санхүү байсан ч манай энтертайнментаас дэмжээд өгч байгаа болохоор даваад гарч байгаа. Харин одоогоор тайз дүүргэлтийн асуудал гарч ирж байна. Монголчууд маань олноороо ирж намайг дэмжээд нэг өдрийг халуун дулаан сайхан уур амьсгалтай өнгөрөөнө гэж найдаж байна.

-Таны хувьд одоогоор хэдэн уран бүтээл гаргасан байна вэ? Оролцсон тэмцээний шүүгч нь тухайн үед танд зориулж дууны үг бичиж өгнө гэж байсан шүү дээ. Уран бүтээлийн ажилдаа орсон уу?

Би Солонгосын хөгжмийн сувгуудаар албан ёсоор хоёр уран бүтээл цацсан байгаа. "Topgoal Rhapsody" тэмцээний шүүгч Солонгосын дууны урлагийн томоохон төлөөлөгч 1,200 гаруй дууны шүлэг бичсэн алдарт И Гон Ү бид хоёр хамтарч уран бүтээл дээр ажиллаж эхэлсэн байгаа. Саяхнаас холбогдоод ямар уран бүтээл хийх вэ? Шинэ дуу нь дээр ажиллах уу? Эсвэл Монгол дуунууд дээр үгийг нь Солонгос болгоод ажиллах уу гэх мэт бид хоёр ярилцаж байгаа. Тоглолтын дараагаас эхлээд уран бүтээлдээ шуурхайлан орно.

-Тоглолтын нэрний хувьд бас нэлээдгүй анхаарал татлаа. Утгийг нь тайлбарлавал?

-“Одод ширтэхийг хүснэ” гээд нэртэй. Энэ миний анхны Солонгос уран бүтээлийн нэр. Энд од ерөөсөө харагддаггүй. Манай Монголд бол орой болгон тэнгэр дүүрэн од харж чаддаг шүү дээ. Тэр утгаараа энд байгаа болон гадаадад байгаа Монголчуудын эх орноо санасан сэтгэлийг одод ширтэхийг хүснэ гэж тэр үгээр илэрхийлэхийг зорьсон. Би ч Монголоо маш их санаж байна.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Солонгос Монголыг урлагаар холбосон маш гоё тоглолт, арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажлыг хийхийг маш их зорьж байгаа. К-поп дэлхийд өөрийн онцлогтой учраас гарч ирж байна. Монгол ч мөн адил урлагийн онцлогтой учраас өөрсдийнхөө орны урлагийг илүү түлхүү хичээллэж орчин үетэйгээ холбох тийм зүйлийг эрэлхийлж чадвал дэлхийд гарч ирэх боломжтой гэж бодож байна. Манай Монгол залуус Солонгосыг их зорих болсон. Тур тусмаа урлагаар явах хүсэлтэй хүүхэд залуус их байна. Манай Монголчууд их авьяаслаг учраас жаахан хичээж л чадвал хаана ч амжилт гаргаж чаддаг. Тэр ч утгаараа хичээгээрэй гэж хэлмээр байна.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө