В.Путин: Украины үр тарианы экспортод Орос саад болохгүй

В.Путин: Украины үр тарианы экспортод Орос саад болохгүй

Украины боомтуудыг Оросын арми хэдэн сарын турш бүсэлсээд байгаа нь дэлхийд хүнсний хямрал, зарим хэсэгт өлсгөлөнгийн эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж олон улс орны удирдагчид мэдэгдэж буй. Хамгийн том асуудал бол улаан буудай. Учир нь дэлхийн улаан буудайн худалдааны бараг 30 хувийг Орос, Украин нийлүүлдэг гэдэг. 

Мөн Оросын зэвсэгт хүчин өөрсдийн эзэлсэн бүс нутгуудад Украины тариачдаас тариалангийн тоног төхөөрөмж, олон мянган тонн үр тариа хулгайлж, хүнсний агуулахуудыг их буугаар онилж байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, “Бид Украины үр тариаг экспортлоход саад болохгүй. Үүнийг Украины мэдэлд байдаг боомтоор экспортлох боломжтой” гэж Орос-1 төрийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрээр, “Дэлхий дээр жилд 800 сая тонн улаан буудай үйлдвэрлэдэг. Украин 20 сая тонныг экспортлоход бэлэн гэж бидэнд мэдэгдсэн. Энэ нь ердөө 2.5 хувь. Үр тариа ачсан хөлөг онгоцуудыг гаргая гэж би олон удаа хэлсэн. Бид тэднийг ямар ч асуудалгүйгээр нэвтрүүлэхийг баталгаажуулж байгаа” ярьжээ. 

Эх сурвалж: CNN