Барууны орнууд зэвсэг нийлүүлбэл “цохилтод өртөөгүй үлдсэн Украины шинэ объектууд руу довтлох болно” гэж В.Путин “сүрдүүлжээ”

Барууны орнууд зэвсэг нийлүүлбэл “цохилтод өртөөгүй үлдсэн Украины шинэ объектууд руу довтлох болно” гэж В.Путин “сүрдүүлжээ”

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “хэрэв барууны орнууд Украинд алсын тусгалтай пуужин харвах төхөөрөмж нийлүүлбэл бид цохилт өгөөгүй үлдсэн шинэ объектуудыг онилж, дайралт хийх болно” гэжээ. Тэрбээр өчигдөр/2022.06.05/ “Россиа-1” сувагт ярилцлага өгөх үеэрээ энэ талаар дурдсан боловч ямар байршлуудад цохилт өгөх талаар тодорхой зүйл хэлээгүй байна.

Мөн В.Путин Украинд зэвсэг нийлүүлснээр тэдний зөвхөн техник хэрэгслийн алдагдлыг л нөхөх болно. Өөрөөр юуг ч өөрчилж чадахгүй. Оросын агаарын довтолгооноос хамгаалах системүүд Украины нисгэгчгүй онгоцнуудыг устгаж, “самар шиг л хагалж байгаа” гэжээ.

Украин Оросын армид цохилт өгөхийн тулд M270, M142 HIMARS зэрэг олон пуужин харвах системийн эрэлд гараад буй. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа “байлдааны талбарт байг илүү нарийвчлалтай цохих дэвшилтэт пуужингийн системийг Украины талд өгөх шийдвэрийг манай засаг захиргаа гаргасан. Гэсэн хэдий ч АНУ Украиныг хилийн чанадад цохилт өгөхийг дэмжихгүй, зөвшөөрөхгүй байна” гэсэн юм.

Шинжээчдийн зүгээс АНУ Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөх чадвартай, холын тусгалт зэвсэг нийлүүлэх нь дайныг өдөөж болзошгүй хэмээн болгоомжилж буй хэрэг гэж үзэж байна.

Тиймээс АНУ бага тусгалтай буюу 80 км-ын зайд пуужин хөөргөх боломжтой "HIMARS" пуужингийн системийг Украинд нийлүүлэхээр болсон юм. Гэвч АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “HIMARS системийг ОХУ-ын нутаг дэвсгэр дэх объектод цохилт өгөхөд ашиглахгүй гэдгээ баталгаажуулсны дараа Украинд нийлүүлнэ” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Үүнээс гадна Испани улс Украинд алсын тусгалт пуужин, “Ирвэс” хэмээх байлдааны танк нийлүүлэхээр төлөвлөж байна. Мөн 500 цэргээ байршуулаад буй Латви дахь баазад Украины цэргийн алба хаагчдыг зэвсгийн хэрэглээнд сургахаар төлөвлөж байгаа аж.

Хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтолсноос хойш 100 гаруй хоног үргэлжилсэн тулаанд хэдэн арван мянган хүн амь үрэгдэж, олон сая иргэд эх орноосоо дүрвээд байна. ОХУ мөргөлдөөний үеэр ямар хохирол амссан талаар тодорхой мэдээлэл хийгээгүй ч Украины шинжээчид “таамаглаж байснаас хамаагүй их” гэж мэдэгдээд буй.

Эх сурвалж: RadioFreeEurope




Өнөөдөр морь өдөр

9 цагийн өмнө