Их Британи улс "ажлын дөрвөн өдөртэй байх" туршилт эхлүүллээ

Их Британи улс "ажлын дөрвөн өдөртэй байх" туршилт эхлүүллээ

Их Британийн Кэмбрижийн их сургууль, Оксфордын их сургууль, Бостоны коллежийн судлаачид болон “4 Day Week Global” ашгийн бус байгууллага, “4 Day Week UK Campaign” хөдөлгөөн өчигдөр/2022.06.06/-өөс долоон хоногт ажлын дөрвөн өдөртэй байх туршилт эхлүүллээ.

Зургаан сарын турш үргэлжлэх тус туршилтад банк, санхүүгийн байгууллагаас эхлээд түргэн хоол гэх мэт үйлчилгээний 70 компанийн 3300 гаруй ажилтан хамрагдах аж. Туршилтын хугацаанд ажилтнууд өмнөх ажлын цагийнхаа 80 хувьд ажиллах ч цалингаа 100 хувь авна. Гэхдээ ажлын бүтээмж нь өмнөхөөсөө буурахгүй, 100 хувь байх ёстой. Туршилтыг санаачлагчид ажлын өдрийг цөөрүүлснээр ажилтнуудын сэтгэл зүйн болон эрүүл мэндийн байдал сайжирч, тэр хэмжээгээр бүтээмж нэмэгдэнэ гэж таамагласан байна.

Дэлхийн хэд хэдэн оронд өмнө нь долоон хоногийн дөрвөн өдөр ажиллах туршилтыг хэрэгжүүлж байв. Тухайлбал, 2015-2019 онуудад Исланд улс хоёр удаа энэ төрлийн туршилтыг хийж 2500 төрийн алба хаагчийг оролцуулж байжээ. Мөн Испани, Шотланд улсууд энэ оны сүүлээр долоон хоногт ажлын дөрвөн өдөртэй байх туршилтыг эхлүүлэхээр бэлдэж байна.  

Эх сурвалж: CNN