Т.Жамбалцэрэн: Хүнсний үйлдвэрлэлийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон

Т.Жамбалцэрэн: Хүнсний үйлдвэрлэлийн салбар хүний нөөцийн дутагдалд орсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл” сэдэвт үндэсний зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж байна. 

Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гадаадаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн 2021 онд гэхэд нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортолсон байна. Өнөөдөр бид мах, гурил, төмсөөр л дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо болон сүү, сүүн бүтээгдэхүүний 40 орчим, өндөгний  50 орчим, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл бараг 100 хувь гаднаас импортоор авч байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвлөгөөний эхэнд онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг онцгой анхаарч, өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганд мэдээлэл хийсэн. Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэлийг тавих ёстой гэдгийг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн юм.

Монгол Улсад хүнс боловсруулах 1900 гаруй үйлдвэр, цех ажиллаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үед ч хүнсний үйлдвэрүүд идэвхтэй ажиллаж, 2021 онд хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 2.8 их наяд төгрөгт хүрчээ. Засгийн газраас цар тахлын хүнд үе, олон улсын геополитикийн асуудлаас үүдэлтэй хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоо сэргийлэх зорилт тавьж, УИХ-аар тусгайлан хууль батлуулсан байна. Ингээд 2021-2022 онд улаанбуудай, тосны ургамлын 11 үйлдвэр, нийслэлийн хүн амны махны хэрэгцээний мах нөөцөлсөн 23 аж ахуйн нэгжид жилийн 3 хүүтэй зээл олгосон байна. Ингэснээр зах зээлийн үнээс 30-40 хувиар хямд мах, гурилаар иргэдээ хангаж буйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцлов.

Мөн Засгийн газраас хүнс үйлдвэрлэгч, хүнсний сав, баглаа, боодол үйлдвэрлэл, түүхий эдийг импортлох, худалдаалах, агуулах зоорь ажиллуулах аж ахуйн нэгжид зориулж 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай 550 тэрбум төгрөгийн зээлийг олгох болсныг дурдлаа. Түүнчлэн ,  цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн албан татвараас чөлөөлөх, өвөл, хаврын улиралд үйлдвэрлэлд сүү нийлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид 9.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байгаа аж. ХХААХҮЯ-наас хууль эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрийг дэмжих цогц зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг дурдав.

Монгол Улс 1997 онд импортын гаалийн албан татварыг тэглэх хууль баталсан хүнсний үйлдвэрлэгч нарт хүнд цохилт болсон гэдгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун хэллээ. Уг хуулийн улмаас хүнсний аж үйлдвэр бүрэн сэргэж чадалгүй явсаар өнөөдрийг хүрч, гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарч, төсвийн алдагдал ихээр бий болсон хэмээн тэрбээр дүгнэв. Тиймээс Монгол Улс хүнсний бүтээгдэхүүний дотоодоосоо бүрэн хангах, импортын гаалийн татварыг 30 хувьд хүргэх шаардлагатай хэмээв. ОХУ-ын импортын татвар 40-50 хувь, БНХАУ-ын хөдөө аж ахуйн боловсруулсан бүтээгдэхүүний импортын татвар 65 хувь хүртэл байдаг гэдгийг тэрбээр жишээ татсан юм. Энэ хүрээнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлын тухай, Органик хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлсөн байна.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн 10 жилд боловсруулах үйлдвэлэлийн салбарт хүнсний үйлдвэрлэлийн эзлэх хувь дөрөв дахин өсөж, дотоодын үйлдвэрлэл 1.5 дахин нэмэгджээ.  Гэсэн хэдий ч хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд улирлын болон импортын хамаарал их байгаа төдийгүй хууль, стандарт, журам хангалттай хэрэгжихгүй байна хэмээн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн илтгэлдээ дурдав. Түүнчлэн хүнсний салбар технологийн дутагдалд орсон гэдгийг дурдав. Тухайлбал, инженер технологийн ажилтан 20 хувь, техникийн ажилтан 30 хувь, тоног төхөөрөмжийн инженер 60 хувийн дутагдалтай байгаа аж. Тиймээс хүнсний салбарын хүний нөөцийг бэлтгэх ажлыг төрийн бодлогоор дэмжих, чадавхыг сайжруулах зайлшгүй шаардлага үүсэж байгааг онцолсон юм. Ингэхдээ сургалтын төлбөрийн дэмжлэг олгох, татаас өгөх, хүний нөөцийн цахим бүртгэлийг сайжруулах ёстойг дурдав.

Дэлхий нийтэд нэг хүн дунджаар өдөр 120 грамм мах идэх ёстой гэсэн тооцоолол байдаг бол Монгол Улсад 314 грамм байгааг “Монголын махны холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхзаяа илтгэлдээ дурдлаа. 

Тэрбээр, “Үндэсний уламжлалтай уялдан загас, шувууны махны хэрэглээ бага байдаг бол дийлэнхийг малын мах эзэлдэг. Монгол Улсад махны дотоодын хэрэглээ 629.4 мянган тонн байгаа бөгөөд 75 үйлдвэр бүх хүчин чадлаараа ажиллахад 343 мянган тонныг үйлдвэрлэх чадвартай. Гэхдээ хүн амын мах, махан бүтээгдэхүүний хангамжид хувь хүмүүс ихээхэн нөлөөтэй. Үйлдвэрлэгч нар ОХУ, БНХАУ, Ойрхи Дорнод, Азийн зарим оронд бага хэмжээний бүтээгдэхүүн гаргадаг. Монгол Улс 2018 онд хамгийн их буюу 70 мянган тонн гаруй мах экспортод гаргасан. Ингээд цар тахлын улмаас жил дараалан буурсан. Махны экспорт хийх зөвшөөрөл авахад маш олон шалгалт давдаг. Энэ нь дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бизнесээ өргөжүүлэхэд тун их садаа болж байна. Үүнээс гадна мал төхөөрөх шат дамжлагыг сайжруулах хэрэгтэй. Бидний ченжүүд гэж нэрлэдэг хүмүүс 1990 оноос хойш Монголын махны нийлүүлэлтэд чухал нөлөөтэй ажиллаж ирсэн. Гэхдээ энд ямар нэгэн хариуцлага тооцох ямар ч боломжгүй явж ирсэн бөгөөд одоо үйлдвэрлэлийн шат руу оруулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Дэлхий нийтэд “Махны байцаагч” гэж бий. Энэ хүн махны үйлдвэрүүдэд хяналт тавьж, хэнээс ч хамаарахгүйгээр шийдвэрээ гаргадаг. Манайд сүүлийн үед дуулиан болоод байгаа зүйл бол зарим зөвшөөрөлгүй үйлдвэртэй холбоотой асуудал. Хүний хөрөнгө оруулаад байгуулсан зүйлд оролцох хэцүү л дээ. Тиймээс байгуулахаас нь өмнө зөвлөдөг, тусалдаг үйлчилгээг бий болгомоор байна” хэмээв.