ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрөө хугацаанд нь төлж чадсангүй

ОХУ 1918 оноос хойш анх удаа гадаад өрөө хугацаанд нь төлж чадсангүй

Сүүлийн зуун жилд ОХУ анх удаагаа гадаад өрийн төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулалгүй, дефолт зарласныг барууны хэвлэлүүд онцолжээ.

Тодруулбал, ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн Ням гариг буюу зургадугаар сарын 27-ны өдөр төлөх хуваарьтай байсан евро бондын хүүгийн 100 орчим сая ам.долларын төлбөрийг хөнгөлсөн хугацаанд барагдуулж чадаагүй бөгөөд энэ нь 1918 оноос хойш анх удаа гадаад зээлдүүлэгчдийнхээ өмнө дефолт зарласан явдал болжээ.

Ийм байдалд хүрсэн нь барууны орнууд хориг арга хэмжээгээ чангаруулж, ам.доллар болон еврогийн гүйлгээнд хязгаарлалтууд хийж эхэлсэнтэй холбон тайлбарлаж байна. Өнгөрсөн гуравдугаар сараас ОХУ-ын евро бондуудын эргэн төлөлт асуудалтай болсон.

ОХУ тавдугар сарын 27-нд эргэн төлөлт хийх хуваарьтай евро бондын хүүгийн төлбөрийг дайны нөхцөл байдал, санхүүгийн хоригоос болж төлөх хугацааг сараар сунгасан нь сая дуусгавар болсон аж.

АНУ болон Европын орнууд дайныг эсэргүүцсэн ОХУ-д санхүүгийн хатуу хориг арга хэмжээ авч, олон улсын банк санхүүгийн SWIFT системээс хассан нь  гадаад төлбөр тооцоогоо барагдуулахад асуудал үүсгэж буй. Мөн ОХУ-ын Төв банкны гадаад валютын нөөцийг царцаасан зэрэг нь бондын төлбөрөө барагдуулж чадахгүйд хүргэсэн гэж шинжээчид үзжээ.

Харин тус улсын эрх баригчдын зүгээс аливаа төлбөр тооцоог нөхөх хөрөнгөтэй бөгөөд барууныхан зохиомлоор дефолтод оруулж байна гэж шүүлжилсэн байна. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов  дефолт зарласан мэдээг худал гэж үгүйсгэсэн бөгөөд "Хэн ч дуртай зүйлээ зарлаж болно" гэжээ. ОХУ өнгөрсөн долоо хоногт 40 тэрбум ам.долларын өрийн үлдэгдэл төлбөрөө рублиэр төлж барагдуулахаар болсноо зарласан байна. Гэсэн хэдий ч бонд эзэмшигчид рублиэр биш ам.доллар, еврогоор төлбөрөө барагдуулах үүрэгтэй сануулж байгаа юм. 

Loomis Sayles & Company LP-ийн ахлах шинжээч Хассан Малик "Өр төлбөрөө барагдуулах боломжтой Засгийн газрыг гаднын Засгийн газар дефолтод оруулах нь маш ховор тохиолдол. Энэ бол түүхэн дэх томоохон хагарлыг авчирч магадгүй" гэжээ.

Токио дахь Номура судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Такахидэ Киүчи ихэнх бонд эзэмшигчид хүлээх, харах арга барилыг баримтлах нь зүйтэй. Энэ үйл явдлаар Оросын бонд эзэмшигчидтэй хийх маргаан дөнгөж эхэлж байна гэдгийг анхааруулжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар Оросын  20 тэрбум долларын евро бондыг гадаадынхан эзэмшиж байгаа гэж блүмбергээс мэдээллээ.

Ц.Хүслэн

Эх сурвалж: Bloomberg