"Барууны хоригийн улмаас Хятад улс ОХУ-аас хямд үнээр нүүрсээ авч байна"

"Барууны хоригийн улмаас Хятад улс ОХУ-аас хямд үнээр нүүрсээ авч байна"

ОХУ-аас Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ нэмэгдэж байгаа талаар “S&P Global Market Intelligence”-ийн шинжээчид мэдээлжээ.

S&P-ийн Commodities at Sea мэдээллийн санд бичсэнээр ОХУ-аас Хятадад далайн тээврээр нийлүүлсэн нийт нүүрсний хэмжээ зургадугаар сарын эхний 28 хоногт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 55 хувиар нэмэгдэж, 6.2 сая тоннд хүрсэн байна. Тавдугаар сард Оросоос Хятад руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгдэж, 5,5 сая тоннд хүрчээ.

Хятадын дотоодын үйлдвэрлэл ч нэмэгдэж байна. Хятадын Үндэсний статистикийн газрын сүүлийн үеийн мэдээллээс харахад 1-5-р сарын хооронд түүхий нүүрсний олборлолт өмнөх оны мөн үеэс 10.4 хувиар өсөж, 1.81 тэрбум тоннд хүрсэн аж. 

Хятадын “S&P Global Market Intelligence”-ийн дэд захирал Пранай Шукла "Дотоодын дотоодын нүүрсний олборлолт нэмэгдэж, Хятад улс 2022 оны тавдугаар сараас хойш Оросын нүүрсийг ихээхэн хэмжээгээр худалдан авч байна. Учир нь барууны хоригоос үүдэлтэй Оросын тал нүүрсний үнийн хөнгөлөлтийг Хятадад үзүүлж байгаатай холбоотой” гэжээ.

ОХУ-аас БНХАУ-руу далайн тээврээр нийлүүлсэн нүүрсний хэмжээ

Орос бол дэлхийн томоохон нүүрс олборлогч, экспортлогч орон. Гэвч Украин руу түрэмгийлсний дараа Япон зэрэг орнууд ОХУ-ын түүхий эдэд импортын хориг тавьж, тус улс нүүрсээ хямд үнээр борлуулахаас өөр аргагүйд хүрсэн хэмээн шинжээчид үзжээ. Хятадын гаалийн мэдээллээс харахад тус улсын нүүрсний гол импортлогч нь Индонез, Орос, Монгол улсууд байна.

-ОХУ-ЫН ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ-

Өнгөрсөн дөрөвдүгээр сард их гүрнүүд болох G7 бүлэг Оросын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж, тус улсын эрчим хүчнээс татгалзах амлалт өгсөн. Японтой зэрэгцэн Европын холбоо 4-р сард тав дахь арга хэмжээгээ авч, Оросын нүүрсэнд хориг тавьснаа зарлав. Гэвч нөхцөл байдлыг харгалзан хоригийг 8-р сар хүртэл хойшлуулахаар болжээ.

Үүнээс гадна G7 Оросын нефтийн үнийг хязгаарлах саналыг багтаасан шинэ хориг арга хэмжээ авахаар болсон. Орос-Украины дайны улмаас ОХУ дэлхийн зах зээлд нийлүүлэлтээ чангатгасны улмаас үнэ нь өссөөр байна.

Эх сурвалж: CNBC