"ТАМГАГҮЙ ТӨР" МОНГОЛ ДРАМЫН СОЛОНГОС ҮЗЭГЧИД: Үнэхээр шаргуу хөдөлмөрөөр бүтсэн, Нүд баясгам жүжиг болжээ /ВИДЕО/

"ТАМГАГҮЙ ТӨР" МОНГОЛ ДРАМЫН СОЛОНГОС ҮЗЭГЧИД: Үнэхээр шаргуу хөдөлмөрөөр бүтсэн, Нүд баясгам жүжиг болжээ /ВИДЕО/

МУ-ын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжиг өнгөрөгч дөрөвдүгээр сар /2022.04/-аас эхлэн тоглогдож байгаа бол, тун удахгүй 100 дах тоглолтоо үзэгчдийн хүртээл боглох гэж байна. Тэгвэл долдугаар сараас эхлэн Англи, Солонгос, Хятад, Япон, Орос хэл дээр синхрон орчуулгатайгаар гадаадын үзэгчдийн хүртээл болж байгаа юм. Иймд бид "Тамгагүй төр" монгол драмыг үзсэн Солонгос үзэгчдийн сэтгэгдэл ямар байгааг сонслоо.

ВИДЕО:

-Сайн байна уу. “Тамгагүй төр” физикл драмын үзэж сонирхлоо шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

Үзэгч 1: Сайн байна уу. Үнэхээр сонирхолтой байлаа. Миний хувьд орчуулгатайгаар үзсэн учраас ойлгоход хялбар маш хялбар байсан. Их сүрдмээр, гоёмсог санагдлаа.

Үзэгч 2: Монгол хэл мэдэхгүй учраас орчуулгатайгаар үзэхэд илүү сайн ойлгож үзсэн. Бүжиг болоод хувцаслалт нь содон байсан учраас тун сонирхолтой санагдлаа.

-Яагаад энэ жүжгийг үзье гэж зорих болов?

Үзэгч 1: Би зочид буудалд байрлаж байгаа юм. Тэнд хамт байсан найзууд маань энэ жүжгийг заавал үзээрэй гэсэн учраас өчигдөр үзэхээр ирсэн ч оройтчихсон учраас өнөөдөр зорьж ирж үзэж байна.

Үзэгч 2: Манай гэр бүлийнхэн үнэхээр сонирхолтой гэсэн учраас үзэхээр ирсэн.

-Тус жүжгийн зохиолыг өмнө нь сонсож байв уу?

Үзэгч 2: Тийм ээ. Өмнө нь сонсож байсан.

-Таны үзэж байсан гадаад жүжгээс юугаараа илүү өвөрмөц байсан бэ?

Үзэгч 1: Мэдээж тоглолтын хувцаслалт болон бүргэдийг илэрхийлж байгаа хэсэг үнэхээр сүрдмээр. Тэр байдлаараа ч Солонгос жүжгээс өөр санагдсан.

-Жүжигчдийн ур чадварыг үнэлбэл?

Үзэгч 1: Жүжигчдийн хувьд үнэхээр сайн жүжиглэж чадаж байсан. Хамгийн сүүлийн үзэгдэлд бүгдээрээ гарч ирээд үзүүлбэр үзүүлсэн хэсэг нь маш догь санагдсан.

Үзэгч 2: Сайн байсан. Үнэхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа нь мэдрэгдээд, үзэхэд нүд баяссан.

-Аль хэсэг таны сэтгэлд илүү их хүрэв?

Үзэгч 1: Яг үнэнийг хэлэхэд би энэ жүжигт ямар нэг хүлээлт байгаагүй. Гэхдээ ирээд үзсэн чинь үнэхээр сонирхолтой байсан. Үзэж байсан жүжиг дундаас Солонгос ч бай Монгол ч бай гадаадаас ч гэсэн хамгийн сайн жүжиг нь байлаа. Нуулгүй хэлэхэд үнэхээр сонирхолтой байсан. Өөр орны жүжигтэй харьцуулбал түвшин дээгүүр чадварлаг байсан учраас бусад хүмүүст үзээрэй гэж уриалмаар байна.