Westend театрын продюсер ГАЙ ЧАПМЭН: “Тамгагүй төр" заавал Лондон хотод тоглогдох ёстой /ВИДЕО/

Westend театрын продюсер ГАЙ ЧАПМЭН: “Тамгагүй төр" заавал Лондон хотод тоглогдох ёстой /ВИДЕО/

“Тамгагүй төр” монгол драмын хаалтын тоглолтууд үргэлжилсээр байна. Тэгвэл тус жүжиг дэлхийн тайзнаа гарч тун удахгүй Английн Лондон хотноо тоглогдохоор болсон байна. Тодруулбал, тус улсаас Wild Yak Productions компанийн захирал, Westend театрын продюсер Оливер Кинг, Make A Noise  PR, Martketing компанийн захирал, Westend театрын продюсер Гай Чапмэн нар “Тамгагүй төр” жүжгийг үзэж, судлахаар ирсэн байгаа бөгөөд бид энэ талаар тэдэнтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Сайн байна уу. Өөрсдийгөө танилцуулахгүй юу?

Оливер Кинг: Сайн байна уу намайг Оливер Кинг гэдэг. Би Wild Yak Productions компанийн захирал, Westend театрын продюсер.

Гай Чапмэн: Сайн байна уу. Намайг Гай Чапмэн гэдэг. Би Make A Noise PR, Martketing компанийн захирал, Westend театрын продюсер

-Монголд анх удаа ирж байна уу. Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

Гай Чапмэн: Би Монголд анх удаа ирж байна. Үнэхээр сэтгэл хөдөлж байна. Монгол бол миний үргэлж ирэхийг хүсдэг байсан газруудын нэг. Саяхныг хүртэл ийшээ ирэх зориг гаргаж байсангүй.

Оливер Кинг: Би ч гэсэн өмнө нь Монголд хэзээ ч ирж байгаагүй. Өчигдөр л ирлээ. Монголын талаар сайн танилцаж амжаагүй л явна. Ойрын өдрүүдэд их замбараагүй амьдрал өрнөөд байна. Иймээс дасаад Монголтой илүү их танилцана гэж бодож байна.

-Та Монголд ирсэн даруйдаа л “Тамгагүй төр” жүжгийг үзэж сонирхоод их шахуу хуваарьтай ажиллаж байх шиг байна. Жүжгийн талаар эхний байдлаар үзэхэд төрсөн сэтгэгдэл?

Оливер Кинг: Өчигдөр орой Тамгагүй төр жүжгийг үзсэн. Миний бодлоор энэ жүжиг маш олон барууны broadway шоунуудаас их ялгаатай санагдлаа. Юугаар ялгагдаж байна вэ гэхээр иймэрхүү төрлийн түүхэн жүжгийг огцом хөдөлгөөн, бүжгийг дуу хөгжимтэй хослуулсан нь их дорвитой бөгөөд түгээмэл бус байгаа нь хүмүүст их таалагдлаа.

Гай Чапмэн: Би дэлхийгээр маш олон улсаар олон тооны жүжгийг үзэж байсан. Энэ жүжиг бол салбартаа хамгийн шилдэг нь байлаа гэж үзэж байна. Тиймээс заавал Лондонд ирж тоглогдох ёстой гэж бодож байна. Учир нь үнэхээр хүчирхэг мөн хувцас нь байгальтай уялдаж илэрхийлж өгсөн байгаа юм.

Зүүн гар талаас Оливер Кинг, Гай Чапмэн нар. Монгол Улс 2022.08.11

-Жүжгийн хамгийн онцлох зүйлийг дурдвал. Та нарын сэтгэлд юу хамгийн их хоногшиж үлдэж чадав?

Гай Чапмэн: Жүжгийн талаар нэг гайхалтай зүйл гэвэл жүжгийн тоглолт үнэхээр ойлгомжтой цэвэрхэн байсан. Хэдийгээр би хэлийг нь мэдэхгүй ч орчуулгатай орчуулгагүй хамаагүй жүжиг нь өөрөө ойлгоход хялбар байж чаджээ. Жүжгээс авах бүх л мэдрэмжид эергээр нөлөөлсөн.

Оливер Кинг: Би ч гэсэн тэгж бодож байна. Бидний зүгээс тус жүжгийн найруулагчид нь англи хэл дээрх зохиол дээрээ ажиллаж байгаа нь анхны бөгөөд шинэлэг гэдгийг ойлгож байгаа. Их сонирхолтой санагдаж байна.

-Тус жүжиг нь Монгол хэлний уран яруу байдлыг илэрхийлж өгснөөрөө өвөрмөц жүжиг болсон. Гэтэл гадаад хэл дээр энэ бүгдийг бүрэн утга төгөлдрөөр илэрхийлэх хэцүү шүү дээ. Лондонд тоглогдвол маркетингийн тал дээр хэрхэн ажиллая гэж бодож байна?

Гай Чапмэн: Лондонд маш олон Япон, Солонгос, Орос, Өмнөд америк зэрэг улсуудын жүжгүүдийг төрөлх хэл дээр нь үздэг хүмүүс байдаг. Үнэндээ тэдгээр үзэгчид ч бас Монголын түүх соёл уламжлалыг харуулсан Монгол жүжгийг ирж үзэж эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа. Маркетингийн хувьд анхандаа үзэгчид ирж үзмэгцээ л тэр дороо гайхширч ямар гайхалтай бүжиг болон хувцаслалтайг бодитоор бишрэх болно. Ингэснээр жүжиг өөрөө өөрийгөө нэрд гаргах болно.

-Жүжигчдийн ур чадварын хувьд?

Оливер Кинг: Түүхэн жүжгийг ийм олон авьяаслаг жүжигчдээр чадварлагаар авч гарч тоглолт хийж байгааг харах надад их сэтгэл ханамжтай байсан. Би үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тэд үнэхээр авьяаслаг гайхалтай жүжигчид байна. Миний бодлоор тэд Их Британи битгий хэл бүр дэлхийн шилдэг жүжигчдийн нэг гэж бодож байна. /инээв/

Гай Чапмэн: Би жилдээ 300-400 хүртэлх маш олон төрөл жанрын жүжгүүдийг үзэж, олон жүжигчидтэй танилцдаг бол өчигдрийн тайз нь дээрх жүжигчдийн баг бол үнэхээр л мэргэжлийн байсан. Бүжиг болон жүжиглэлтийн тал дээр үнэхээр өргөн хүрээний ур чадвартай байлаа. Энэ чанар нь миний энэ жилд үзэж байсан тоглолтуудаас их онцлог байлгаж чадаж байна.

-Монголын жүжгийг Олон улсад гаргана гэдэг бол уран бүтээлчдийн хувьд ч тэр найруулга, арын албаны хамт олны хувьд ч тэр маш нэр төрийн хэрэг байдаг. ОУ-д гаргахад ямар үе шат дамжлагаар явагдах ёстой байдаг вэ?

Оливер Кинг: Гурван үе шаттай явагдаж байгаа. Эхнийх нь Их Британид гадаадын тэр тусмаа олон улсын жүжиг авчирч тоглуулахад юун түрүүнд тоглуулах театраа сонгох нь чухал байдаг. Учир нь жүжгийг үзэгчдэд тааламжтай байдлаар хүргэхийн тулд тухайн жүжигтээ тохирох тайз болон гэрэлтүүлэг, техник хэрэгслийг олох нь чухал. Дараагийн бидний хийх зүйл бол продакшндаа тохирох санхүү мөнгө тооцоог гаргах юм. Эцэст нь гэвэл бидний бодлоор жүжиг хаана тоглогдох ёстой мөн хаана тоглогдвол илүү их үзэгчдэд хүрэхийг сонгох юм.

Оливер Кинг, Гай Чапмэн нар. Монгол Улс 2022.08.11




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө