Дээд шүүх Б.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээв

Дээд шүүх Б.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээв

“Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин бусдын гарт амь насаа алдсан хэрэг одоогоос хоёр жилийн өмнө гарсан. Энэ хэрэгт М.Амарболд, Б.Жавхлан нар гэм буруутай нь тогтоогдож тэдэнд анхан, давж заалдах шатны шүүхээс бүх насаар нь хорих ялыг оноосон.

Гэмт этгээдүүд хоёр шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Дээд шүүхэд гомдол гаргасан аж. Үүний дагуу Дээд шүүхэд уг хэргийг өчигдөр /2019.05.24/  хэлэлцэж М.Амарболд, Б.Жавхлан нарт бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ.

Хэргийг сануулахад, Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрсөн  2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан билээ. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгасан. Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, бүх насаар нь хорих ял шийтгэсэн билээ.

Уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Амарболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, шүүгдэгч Д.Жавхлан, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, нар  давж заалдах гомдол гаргасан бөгөөд Давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн шүүхэд болсон ч хохирогчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулж, гуравдугаар сард шүүх хурал болсон юм. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Д.Жавхлан, М.Амарболд нарт оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээсэн. Тиймээс тэд дараагийн шатны шүүх болох Дээд шүүхэд гомдол гаргасан нь энэ юм.