Ч.Ундрал: Гадаадын хоёр уран сайхны киноны зураг авалтыг Монголд хийнэ

Ч.Ундрал: Гадаадын хоёр уран сайхны киноны зураг авалтыг Монголд хийнэ

Монголын кино урлагийн зөвлөл дөрөвдүгээр сарын 15-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Монгол уран бүтээлчдийг хууль эрх зүйн таатай орчинд бүтээл хийх боломжийг бүрдүүлэх олон улсын кино наадамд оролцуулахад дэмжих зорилготой юм. Кино урлагийн зөвлөл нийт 11 гишүүнтэй бөгөөд дөрөв нь төр захиргааны байгууллагуудаас, долоо нь чөлөөт уран бүтээлч юм. Ажлын алба одоогоор 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж.

Соёлын яамны Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал, “Уран бүтээлчид маань өнгөрсөн хугацаанд дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудаас шагнал хүртсэн учраас өөрсдийнхөө хийсэн ажлаа танилцуулж, уран бүтээлчдээ алдаршуулах гэсэн юм. Манай зөвлөл 75 дахь удаагийн Каннын олон улсын кино наадамд салхи хагалж, уран бүтээлчдийн төлөөлөл оролцсон. Энэхүү наадмын үеэр Кино урлагийн тухай хуульд тусгасан татварын буцаан олголтын журмыг олон улсын уран бүтээлчдэд танилцуулсан. Мөн Монголд зураг авалт хийхэд хууль эрх зүйн хувьд бэлэн болсон гэдгийг сурталчилсан. Үүний дараа гадаадын долоон продюсерыг эх орондоо урьж авч ирсэн. Монголд Улсад киноны дэд бүтэц, дэлхийн хэмжээний шинэ дуу хөгжмийн студи байгуулсан, ирэх жил хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, монгол орны үзэсгэлэнтэй газруудаа танилцуулсан. Үүний үр дүнд өөр улсад зураг авалтаа хийх байсан гадаадын хоёр уран сайхны киног Монголд хийхээр болсон. Мөн хоёр төрлийн нэвтрүүлгийн зураг авалтыг хийхээр болж, ирэх онд хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ” гэв.

“Номадиа Пикчерс” болон продюсер Т.Номуунзул, найруулагч Ж.Сэнгэдорж нарын бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино нь Осакагийн Азийн кино наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”, Нью-Йоркийн Азийн кино наадмаас шилдэг шагнал хүртээд байна.

Аравдугаар сарын 5-12-нд болох 27 дахь Бусаны олон улсын кино наадмаас “A Window on Asian Cinema” кино уралдаант хэсэгт шалгарч өрсөлдөх эрхээ авсан тул кино МУЗ дэмжин ажиллаж байгаа юм.

Мөн кино урлагийн “Аврора Фильм” компани Монгол Улсын “Гуру медиа” компанийн продюсер Ц.Ариунаа, найруулагч П.Лхагвадуламын бүтээл “Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино Венецийн кино наадмаас “Шилдэг богино хэмжээний кино” шагнал, Б.Баттөмөрийн “Трио” уран сайхны кино Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг олон улсын кино”, “Шилдэг зураглаач” шагналыг хүртэж, 10 дугаар сарын 14-24-нд болох Варшавын олон улсын кино наадамд өрсөлдөх эрхээ авсан юм. Team Hero, Three Flames Pictures-ийн хамтын бүтээл, найруулагч Б.Баатарын “Этгээд” уран сайхны кино 29 дэх удаагийн Олдегбургийн олон улсын кино наадмаас “Хамгийн өвөрмөц, зоримог кино” төрөлд өрсөлдөн цомын эзэн болоод байна. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ