М.Мөнхбаяр: Эхнэртээ  тусалж чадах бүхий л зүйлээр тусална. Тэр нь хумсны модель байсан ч хамаагүй /ВИДЕО/

М.Мөнхбаяр: Эхнэртээ тусалж чадах бүхий л зүйлээр тусална. Тэр нь хумсны модель байсан ч хамаагүй /ВИДЕО/

Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан Үндэсний улсын аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын “XXV” их наадамд амжилттай оролцож, “Форм цаас ашиглаж хумс хийх технологи” төрлөөр нэгдүгээр байр эзэлсэн Г.Болорчимэг нь өөрийн моделио нөхрөө болгосон нь олны анхаарлыг ихэд татсан билээ. Түүний нөхрийг М.Мөнхбаяр гэдэг бөгөөд тэрбээр эхнэртээ жаахан ч болтугай урмын үгээр болоод сэтгэлээрээ тусалж чадаж байгаа нь өөрт нь тайтгарал болж байгаа талаараа бидэнтэй хуваалцсан юм.

ВИДЕО:

-Сайн байна уу. Өөрсдийгөө танилцуулаач?

М.МӨНХБАЯР: Сайн байна уу намайг М.Мөнхбаяр гэдэг. Одоо үсчин хийдэг.

Г.БОЛОРЧИМЭГ: Намайг Г.Болорчимэг гэдэг. Маникюр хийдэг маникюр хийгээд дөрвөн жил болж байна.

-Саяхан болсон Үндэсний улсын аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын “XXV” их наадамд нөхрийгөө модель болгож амжилттай оролцсон шүү дээ. Яагаад нөхрийгөө авч оръё гэж бодох болов?

Г.БОЛОРЧИМЭГ: Нөхрийгөө авч оръё гэдэг санааг би өөрөө гаргасан. Өөр эмэгтэй, хөөрхөн гар хуруутай хүүхдүүд их байсан. Яагаад эрэгтэй модельтой орсон бэ гэдэг гол санаа нь эрэгтэй хүнд яагаад хумс хийж болохгүй гэж гэдэг талаасаа харуулахыг хүссэн. Хүн болгоны стиль имиж өөр шүү дээ. Содон имижтэй хүмүүс хумс хийлгэж болно. Эрэгтэй маникюр гэж бас байдаг шүү гэдгийг харуулсан үүднээс хийсэн дээ. Аз болж манай нөхрийн гар нь гоё. “Би чамаас илүү гоё гартай” гээд өмнө нь дандаа тэгээд байсан юм. Тэгэхээр нь гоё гартайгаа баталчих гээд аваад орчихсон.

М.МӨНХБАЯР: Улсын аваргад мэдээж хүний ур чадвар шаардана. Манай эхнэр өөрөө чадвартай болохоороо УАШТ-д ороод нэгдүгээр байрт шалгарсан. Хүмүүс болохоор нөхрөө авч ороод байр эзэлчихлээ гээд байгаа. Тэр бол өрөөсгөл ойлголт.

-Тэмцээний үеэр шүүгчид болоод эргэн тойрныхон нь хэрхэн хүлээж авсан бэ?

Г.БОЛОРЧИМЭГ: Эргэн тойрны хүмүүс эхлээд гайхаад хүн олдохгүй байгаа юм уу гээд зөндөө хүн олж өгсөн. Эсвэл эрэгтэй хүн авч ормоор байгаа юм бол царайлаг гоё эрэгтэй хүн авч ор гэж байсан. Гэхдээ би тэмцээний өмнө их стресстэж, бухимдсан л даа. Тэр болгонд нөхөр минь дэмжээд, ааш занг минь ойлгоод модель болсон маань намайг илүү тайвшруулж чадсан. Энэ нь ч амжилтад нөлөөлсөн.

-Урьд нь тэмцээн уралдаанд оролцож байв уу. Амжилтаасаа хуваалцаач?

Г.БОЛОРЧИМЭГ: Улсын аварга орон нутгуудад түүхэндээ хоёр л удаа болсон. Дандаа хотод болдог. Энэ жил анх удаа Эрдэнэт хотод болсон. Миний хувьд өмнө нь тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Анх удаа УАШТ-д ороод байр эзэллээ баяртай байна.

-Та хоёрын салбар ойролцоо юм байна шүү дээ. Муудалцах, сайндах үе бишгүй гарах биз. Тэр талаараа хуваалцаач?

Г.БОЛОРЧИМЭГ: Бид хоёр нь хоёулаа нарийн юм хийдэг болохоор өө айхтар хараад сурчихсан. Манай нөхөр миний модель болоход надад хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь надад миний ажлыг заах гээд байсан /инээв/ Бас М.Мөнхбаяр өөрөө УАШТ-д орох гэж байсан юм. Орохдоо эмэгтэй модель дээр үсийг нь халзалж байгаад зураглал хийнэ гэж бодож байсан ч тийм хүн олдоогүй. Тэгэхээр нь би ч гэсэн дэмжих ёстой юм шиг санагдаад үсээ хусуулчихъя гэсэн манай ээж намайг гэрийн хаалгаар битгий орж ирээрэй гээд тэгээд больчихсон. /инээв/

-Салбар ойролцоо гээд хамтдаа салон нээх зорилго бий юу?

М.МӨНХБАЯР: Эхний ээлжид би өөрөө barber shop нээнэ. Эхнэрийн хувьд ч гэсэн цаашдаа хөгжинө. Улсын аваргад орлоо үүний цаана дахиад нэг Азийн аварга, дэлхийн аварга байгаа шүү дээ. Ер нь зорилго тэмүүлэл маш их байгаа. Яваа яваандаа цаг хугацаа харуулах байх л гэж бодож байна даа.

Г.БОЛОРЧИМЭГ: Barber shop чинь яг эрэгтэйчүүдийн жаргалын орон гэж явдаг шүү дээ. Их дуу чимээтэй, гэрэл гэх мэт өөр зүйлс бий. Харин маникюр чинь болохоор хоорондоо сэтгэлээ онгойлгож юм ярих хэмжээний тав тухтай орчин байх ёстой.

М.МӨНХБАЯР: Хов баздаг /инээв/

Г.БОЛОРЧИМЭГ: Тийм болохоор бид хоёр хамт ажиллах ямар ч үндэслэл байхгүй гэсэн үг.

-М.Мөнхбаярын хувьд эхнэрээ дэмждэг сайн залуу гэж хүмүүс их магтаж байна шүү дээ. Өөрийнхөө хувьд сайн найз залуу байх бяцхан зөвлөмж хэлээч?

Өөрийгөө сайн найз залуу гэхгүй ээ. Гэхдээ жижигхэн сэтгэл гаргаад урмын үг ч юм уу жаахан тусалж дэмжчих юм бол сайн хань сайн нөхөр болчихно гэж боддог. Тэрнээс биш хамгийн үнэтэй хамгийн гоё гэсэн болгоныг өгөөд л цахим сүлжээнд сэвээд л байдаг болгон хайр биш. Зарим залуус бол байж болно. Миний хувьд л жижигхэн урам байхад л болно гэж боддог юм даа. /инээв/