Хил дамнан зарагдаж байсан 18 зуунаас өмнөх үеийн нэн ховор сартай хүрэн "Морин хуур"-ыг эх оронд нь авч иржээ

Хил дамнан зарагдаж байсан 18 зуунаас өмнөх үеийн нэн ховор сартай хүрэн "Морин хуур"-ыг эх оронд нь авч иржээ

Монголын түүхийн ховор өв болох 18 зуунаас өмнөх үеийн гэж үзэж буй сартай хүрэн "Морин хуур" эх нутагтаа эргэн иржээ.

Тодруулбал, Эрт үеэс монголчуудад уламжлагдан үлдсэн нэн ховор энэхүү хуур нь Голландад худалдаалагдаж байжээ. Улмаар сүүлийн эзэн болох Rowan Lee Hartsuiker “Энэ хуур бол Монголчуудын үнэт өвүүдийн нэг. Түүнийг эх оронд нь буцааж өгөөсэй гэж би хүсэж байна. Энэ хөгжмийг эх орон руугаа авч явж байгаад манай гэр бүл маш их баяртай байгаа” хэмээн өөрийн хүүгийн багш болох Монголын иргэн Д.Ганданпүрэвт өгснөөр ийнхүү эх нутагтаа ирээд буй аж. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу. 

Сартай хүрэн "Морин хуур"

Уг “Морин хуур”-ыг шинжвэл цуурайн хайрцгийн хэмжээ жижиг, ширлэсэн зузаан арьсан нүүртэй, царын арын нүүрийг нь сольсон байх магадлалтай. Хүзүү урттай, толгойны хийц уран, чавхдас чангалагч чих нь өвөрмөц, хялгасыг толгойн гадна ороож чангалдаг. Хар хялгас нь бүдүүн ширхэгтэй, хүзүүний уртаас хамаараад дээд доод үзүүрт сур холбож уртасгасан.

Анхдагч эзнийхээ шар хадгийг хоёр зуун дамнан тээсэн. Хамгаалалтын улаан элчист утас нь өнгөө алдаж өгөршсөн. Өнгө нь бууралдаж цайрсан, чанар нь суларч самбайсан, Голландад зарагдаж байсан хөгжмийн дэлгүүр нь шатахад олон зэмсгийн дотроос ганцаараа шаталгүй үлдэхдээ толгой тэргүүн нь дөлд түлэгдэж, самбай хадаг нь доороосоо шатсан байдалтай, хос чавхдасны нарийн чавхдас нь тасарч алга болжээ.

Мөн энэхүү сартай хүрэн "Морин хуур"-тай ижил төстэй хөгжмийг харьцуулбал алдарт ерөөлч, магтаалч Дагийранз гуайн морин хууртай загварын хувьд ижилхэн хэдий ч хэмжээний хувьд том ажээ.

Сартай хүрэн "Морин хуур"

“Морин хуур”-ыг монголд авч ирсэн Д.Ганданпүрэв “Rowan Lee Hartsuiker-ын аав хуураа бэлэглэхдээ нүдэндээ нулимстай, сэтгэл нь хэт догдолсон байдалтай надад хэлэхдээ Рован /түүний хүү/ надтай энэ хуурын талаар ярьсан. Багшийнх нь хэлснээр нэн ховор хуур гэдгийг хүүгээсээ сонссон юм. Хүү маань энэ хуурыг багшдаа бэлэглэсэн нь зөв санагдаж байна. Бид маш их догдолж баярлаж байна” хэмээжээ.

Түүнчлэн сартай хүрэн "Морин хуур"-ын эзний зэмсгийнхээ толгойноос ороосон хуучны шар хадгаар нь тус хөгжмийг 18-р зууны Гүр дууг тоглож байсан хэмээн таамаглаж буй юм.