Т.Дөлгөөн: “Stream”-ийн үеэр ёс бус үг хэллэг, хараал хэлснийхээ төлөө сар бүр цагдаад 1-2 удаа дуудагддаг болчихсон /ВИДЕО/

Т.Дөлгөөн: “Stream”-ийн үеэр ёс бус үг хэллэг, хараал хэлснийхээ төлөө сар бүр цагдаад 1-2 удаа дуудагддаг болчихсон /ВИДЕО/

21-р зуун бол техник технологийн эрин зуун. Техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн хэрэглээ ч хязгааргүй болж байна. Олон хүн онлайнаар live stream, vlog хийж олноо танигдахын эрмэлзэж эхэлсээр буй. Тэгвэл Isee.mn сайтын Social ID булангийнхаа энэ удаагийн дугаарт өсвөр насныхан дунд өөрийн содон имиж төрхөөрөө хэдийнээ танил болсон streamer Rocket буюу Т.Дөлгөөнийг онцолж байна.

ВИДЕО:

-Сайн байна уу. Өөрийгөө танилцуулаач?

Сайн байна уу. Isee.mn сайтын үзэгч, уншигчид аа. Би streamer Rocket байна. Жинхэнэ нэр маань Т.Дөлгөөн. Одоо МУБИС-ийн нэгдүгээр курсийн оюутан. 19 настай.

-Өсвөр насныхан дунд Rocket ах гэдгээрээ нэлээдгүй алдартай шүү дээ. Stream хийгээд хэр удаж байна?

-Stream хийгээд яг жил гаруй болж байна. Одоо youtube дээр 100 мянган subscribe-тай Silver play button-оо сая хавар авсан.

-Яагаад stream хийх болсон талаараа яриач?

Анх карентины үеэр гэртээ хийцгүй сууж байхаар stream хиймээр санагдаад найзууддаа хэлж байсан юм. Тухайн үед найзууд минь “чиний хийдэг зүйл биш ээ. Чи чадахгүй” гэж байсан учраас заавал хиймээр санагдсан. Яг хийж эхлэе гэсэн надад юу ч байгаагүй.

Компьютер, камер, микрофон гээд л. Юу ч гэсэн эхлэх хэрэгтэй гэж бодсон учраас ахынхаа компьютерыг гуйгаад утсаараа камер, чихэвчээрээ микрофон хийж эхэлсэн. Гэсэн ч олон stream хийдэг хүмүүс их болчихсон тул арай өвөрмөц хэв маягаар хийхгүй л бол хүн үзэхгүй гэдгийг мэдэж байсан. Иймээс царайгаа гаргахгүй, хоолойгоо өөрчлөөд хийж байсан маань хүмүүст их хүрсэн. Одоо жилийн дотор ийм амжилттай болчихсон байна даа.

-Одоо илбэнхийн дүрээр өөрийнхөө царайг далдалдаг шүү дээ. Яагаад энэ амьтныг сонгох болов?

Анх царайгаа нууж болдог юм болов уу гээд судалгаа хийж байхад 100 гаруй амьтны дүр гарч ирсэн. Marvel-ийн Rocket гээд амьтны дүр байдаг шүү дээ. Тэр дүрд би маш дуртай болохоор илбэнхийг сонгосон. Миний ааш зан ч тэр дүртэй их тохирдог учраас сонгосон.

-Stream хийдэг хүмүүс хэр их орлого олох боломжтой байдаг юм бэ?

Ер нь stream хийдэг хүмүүс маш сайн орлоготой. Full time stream хийж байгаа хүмүүс дэлгүүр ажиллуулж юм хум зарж болдог. Дээрээс нь youtube дээр сайн контент гаргавал түүнээсээ мөнгө авч болно. Хийж байгаа stream-ийг нь хүмүүс үнэлээд хүмүүс donation явуулдаг. Спонсор байгууллагууд орж ирвэл түүнээсээ цалинжаад явдаг. Ер нь боломж их л дээ.

-Чиний хувьд?

Миний хувьд ноднин МҮИС-тай хамтарч байсан. Үнийн дүнг хэлээд яахав. Хүмүүс дэмжиж бас их donation явуулдаг. Гэхдээ одоогоор би сүүлийн гурван сар ямар ч stream хийгээгүй.

-Яагаад?

Яагаад гэвэл сардаа 1-2 удаа цагдаа дээр байнга очдог байхгүй юу. Миний хийж байгаа зүйлийг дийлэнх нь өсвөр насны 10-15 насны хүүхдүүд үздэг. Би чинь strea-ийн үеэрээ ёс бус үг хэллэг хэлнэ. Хараал хэлнэ. Угаасаа дүр нь тиймэрхүү дүр. Гэтэл эцэг эхчүүд хүүхдийнхээ үзэж байгаа зүйлийг хальт харахаар би хараад хэлж байж таараад намайг цагдаад өгчихдөг. Stream хийж эхэлснээсээ хойш сар бүр 1-3 удаа цагдаа дээр очдог болчихсон учраас заавал ингэн барин хийх шаардлага байна уу гэж бодогдоод болихоор шийдээд байгаа. Бас дүүтэй болчихсон.

-Цаашдаа арай өөр төрлөөр бичлэг хийе гэж бодохгүй байна уу?

Мэдэхгүй ээ. Ёстой хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бодол байгаа. Stream бол жилийн дотор хангалттай үзэгчтэй болчихсон учраас надад тийм ханасан мэдрэмж өгч байгаа.

-Компьютерын ард ер нь хэр их цагийг өнгөрүүлдэг вэ?

Миний хувьд харьцангуй гайгүй гэж хэлж болно. Манай компьютер гэрийн том өрөөний хажууд байрладаг юм. Яг зурагтын хажууд гэрийнхний хажууд stream хийх их хэцүү. Ээж аав сонсож байхад хажууд нь хараал хэлээд байх нь ч хаашаа юм. Тийм болохоор гэрийнхэн бөөндөө салхилах гээд гарах хойгуур амжуулаад цагийн дотор хийдэг ч юм уу тэгдэг байсан.

-МУБИС-д ямар чиглэлээр суралцаж байгаа вэ?

Би одоо МУБИС-д сэтгүүлчээр суралцаж байгаа. Би багаасаа хөлбөмбөг тайлбарлагч мөрөөдөлтэй байсан юм. 10 жилээ төгсөөд эхлээд ШУТИС-д дургүй мэргэжлээрээ суралцаж байгаад аав ээжтэйгээ ярилцаад гарсан. Дараа нь хүссэн мэргэжлээрээ ажиллах гээд МУБИС-д орсон доо.

-Чамайг үздэг хүмүүстээ хандаж үг хэлээч?

Нийт хүмүүс ялангуяа арван жилийн хүүхдүүдэд хандаж хэлэхэд цаг хугацааг гоё өнгөрөөгөөрэй. Одоо оюутан болчихсон болохоор арван жилээ л аймар боддог юм байна. Тийм болохоор найзуудтайгаа цаг хугацаагаа гоё өнгөрөөгөөд олон дурсамж бүтээгээд мэргэжлээ сайн сонгоод хичээлээ сайн хийгээрэй гэж хэлмээр байна.