Өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас ХӨСҮТ-д 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Өнөөдрийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас ХӨСҮТ-д 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

ХӨСҮТ-д өнөөдөр /2022.10.25/-ийн байдлаар амьсгалын замын халдварын улмаас 206 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй тухай ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ хариуцсан дэд захирал Анагаах ухааны магистр клиникийн профессор Ц.Чинбаяр мэдээллээ.

Тэрбээр “Эмчлүүлж буй хүүхдүүдийн 70 гаруй хувь халуурах, 60 хувьд ханиалгах, 15 хувьд хоолой бачуурах, ларингитын шинж, 10 хувьд бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэгүүд илэрчээ. Томуугийн өвчлөл нэмэгдсэн тохиолдолд нөөц ор бэлэн байлгах зорилгоор ХӨСҮТ-д 200 орыг томуутай хүүхдэд зориулан гаргасан. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 85 хувь нь 3 хүртэлх насныхан байна. Эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд амьсгалын замын халдварын хүнд хэлбэрээр оношлуулан эмчлүүлж байгаа” гэжээ.

Мөн ковидоор өвчилснөөс хойш богино хугацааны дотор томуугийн дэгдэлт гарвал эрсдэлт бүлгийн хүмүүс хүндрэх эрсдэлтэй учир ковидоор хүндээр өвчилж байсан хүмүүс томуугийн дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөлөө.

Түүнчлэн энтервирусийн халдвар, гар хөл амны өвчний халдвартай бага насны хүүхдүүд өвчилсөн бөгөөд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хоногт 200 гаруй хүүхэд хандаж байгаагийн 50 хувь нь эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлэгт хэвтэж буй хүүхдүүдийн 20 хувь нь гар хөл амны халдварын шалтгаантай. Бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй ахмадууд томуугаар өвчилсөн тохиолдолд хүндрэх эрсдэлтэй учир томуугийн вакцинд хамруулж, эрсдэлийг багасгах нь чухал ач холбогдолтой байгаа аж.