Hollywood-ийн кинонд тоглосон З.Чингүүн: "The Hunger games" кинонд тоглосон цалингаа "Ид шидийн орон"-д хандивласан /ВИДЕО/

Hollywood-ийн кинонд тоглосон З.Чингүүн: "The Hunger games" кинонд тоглосон цалингаа "Ид шидийн орон"-д хандивласан /ВИДЕО/

Нэгэн цагт “Монгол” гэх нэр алдрыг тэр бүр хүмүүс мэддэггүй байсан он жилүүд саяхан. Гэтэл олон улсад улс орныхоо нэрийг өндөрт өргөж томоохон амжилтуудыг гаргасан эрхмүүд, баг хамт олон бүх салбарт тодорсоор бид дэлхийн улсуудтай хөл нийлүүлнэ алхах болов. Тэд энэхүү нэр төрийг цуцашгүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ бүтээж буй. Ингэхдээ тэр бүр уг амжилтуудын эзэн нь хүүхэд байх нь ховор билээ.

Тэгвэл бид энэ удаагийн “Social ID” буландаа алс холын Герман Улсын Берлин хотод монголын шинэ бага залуу үеийн төлөөлөл болж Hollywood-ийн кино болох "The Hunger games" кинонд дүрээ мөнхлөөд амжсан долоон настай З.Чингүүн хүүг онцлон ярилцлаа.

ВИДЕО: 

-"THE HUNGER GAMES" КИНОНЫ ЗУРАГ АВАЛТАД ГУРВАН ӨДӨР ДӨРВӨН SCENE ТОГЛОСОН-

-Сайн байна уу. Юуны түрүүнд "The Hunger games" кинонд дүр бүтээхээр шалгарч зураг авалтаа амжилттай дуусгасанд баяр хүргэе. Манай үзэгч, уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Баярлалаа. Сайн байцгаана уу. Намайг З.Чингүүн гэдэг. Би долоон настай. Берлинд амьдардаг.  Одоо Каталогийн Санкт Францискус сургуулийн нэгдүгээр ангийн сурагч.

-Хоёулаа ярилцлагаа чиний дүр бүтээсэн "The Hunger games" кинонд тоглосон тухай яриагаар эхэлье. Мэдээж кино хараахан гараагүй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгч болохгүй байх. Тэгэхээр зураг авалтын тухайд товч яривал?

-Аан заа. Би "The Hunger Games" киноны зураг авалтад гурван өдөр дөрвөн scene тоглосон. Надад маш гоё санагдсан. Кинонд тоглосондоо баяртай байна.

-Дараагийн киноны санал ирсэн гэсэн үү?

-Тиймээ. Би энэ удаа цуврал киноны зураг авалтад орно.

-Харьяалалтай продакшн байгаа юу?

-Байгаа. Одоо би “Babelsberg Studio” гээд Hollywood олон киног хийсэн продакшнд харьяалагддаг болсон.

Дундговь аймагт сүндэрлэсэн "Ид шидийн орон"

-"ИД ШИДИЙН ОРОН"-ТОЙ БОЛСОН НАЙЗУУД МИНЬ ИХИЙГ СУРЖ, МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭЭРЭЙ, ТЭНЭГ ЗҮЙЛ БИТГИЙ ХИЙГЭЭРЭЙ-

-Кинонд тоглоод авсан нэг өдрийн цалингаа Дундговь аймагт баригдаж байсан “Ид шидийн орон”-д хандивласан байсан. Яагаад хандив өгье гэж бодсон бэ?

-Би нэг өдрийн цалингаа аваад ээждээ хэлээд шилжүүлсэн юм. Яагаад хандив өгөх болсон бэ гэвэл хүүхдүүдэд хамгаалалт хэрэгтэй, мөн сурах цаг хугацаа хэрэгтэй гэж бодсон. Тэр гоё байшин хурдан бүтэн болбол хүүхдүүд олон юм сурч, сайхан сэтгэлтэй ах эгч нар тэднийг хамгаална шүү дээ.

-Одоо тэр “гоё байшин” нь бүтэн болоод олон хүүхэд ордог болсон. Тэдний ихэнх нь чамтай насаар ойролцоо жоохон хүүхдүүд бий. Тэдэнд хандаж хэлэх үг байвал одоо хэлж болно шүү.

-Би "Ид шидийн орон"-той болсон найзууддаа хандаж ихийг сураарай, мөрөөдлөө биелүүлээрэй, тэнэг зүйл битгий хийгээрэй. Хайртай шүү /гараараа зүрх гаргав/ гэж хэлмээр байна.

-БАЯН БОЛООД МОНГОЛД БАЙГАА ГЭР БҮЛ БОЛОН БУСАД ХҮМҮҮСИЙГ ГЕРМАНД АМЬДРУУЛАХЫГ ХҮСДЭГ-

-Найзуудаа мөрөөдлөө биелүүлээрэй гэсэн шүү дээ. Харин миний дүүгийн мөрөөдөл юу вэ.

-Миний мөрөөдөл баян болоод гоё байшинтай болох. Тэгээд монголд байгаа гэр бүл болон бусад хүмүүсийг Германд амьдруулахыг хүсдэг.

-Тэгвэл ямар хүн болно гэж боддог вэ?

-Манай гэр бүлд эрдэмтэд байдаг учраас би бас эрдэмтэн хүн болно.

-Берлинд монгол найз байдаг уу?

-Уг нь байгаа. Манай сургуульд нэг монгол хүү надтай хамт сурдаг. Тэр даанч "Монгол хэл" мэдэхгүй. Харин би "Монгол хэл" ойлгодог.

-Нийслэл Улаанбаатар хотод ирэх дуртай юу?

-Тиймээ. Би хотод очих дуртай. Миний эмээ өвөө тэнд амьдардаг. Бас миний ээж ургамлын цай хийдэг. Түүнийг бас монголд байдаг олон хүмүүс ууж эдгэсэн. Бид монголчуудаа өдөр бүр утсаар хардаг. Эмээ өвөөгөө,  ах Намкагаа, үеэлүүдээ санаж байна.

-Хоёулаа “монголын юу нь чамд таалагддаг вэ” гэдэг асуултаар яриагаа өндөрлөе.

-Зөндөө гоё юм байдаг. Гэхдээ би буузанд их дуртай. Бас би Монголдоо хайртай.

-Бидэнтэй ярилцсан чамд баярлалаа. Сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсээд мөрөөдөлдөө удахгүй хүрэхийг хүсэн ерөөе.

-Та бүхэнд бас маш их баярлалаа. Энэ ярилцлагыг маань уншиж байгаа бүх хүнд амар тайван, аз жаргалтай суухыг манай гэр бүлийн зүгээс хүсэн ерөөе.